Улаанбаатар хотын гадна инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн хамгаалалтын зурвас тогтоох, газар чөлөөлөх, газар олгох, ажлыг эрчимжүүлэх тухай

2013-02-19 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.4.а, 39 дүгээр зүйлийн 39.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 74 дүгээр зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт, 40 дугаар зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй барилга угсралт, их засвар, инженерийн шугам сүлжээ, үерийн далан сувгийн шийдвэрлүүлэх шаардлагатай газар чөлөөлөх, хамгаалалтын зурвас тогтоох, газрын гэрээ гэрчилгээ олгох шаардлагатай ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Улаанбаатар хотын Бохир усны Туул-1 коллекторын шугам угсралтын ажлын трассын дагуух газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2, 4, 12 дугаар хорооны айл өрхүүдийг төвлөрсөн цэвэр, бохир усны шугаманд холбох ажлын газрын асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг гуравдугаар хавсралтаар баталсугай.

4. Ханын материалын бохирын шугам өргөтгөх, Бохир усны 38 дугаар коллекторын газрын асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

5. Улаанбаатар хотын Их тойруу 220, 110 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуу хамгаалалтын зурвас тогтоох, дэд станцуудын газрын гэрээ гэрчилгээ олгох асуудлыг зохион байгуулах  ажлын хэсгийг тавдугаар хавсралтаар баталсугай.

6. Зүүн Уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн газрын асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг зургаадугаар хавсралтаар баталсугай.

7. Хангай зах орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж шинээр барих ажлын трассын дагуу хамгаалалтын зурвас тогтоох, дэд станцуудын газрын гэрээ гэрчилгээ олгох асуудлыг зохион байгуулах  ажлын хэсгийг долдугаар хавсралтаар баталсугай.

8. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ус, дулаан дамжуулах төвийн барилга болон гадна, дотор шугам сүлжээний угсралтын ажлын трассын дагуух газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг наймдугаар хавсралтаар баталсугай.

9. Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төр захиргааны нэгдсэн байрны барилга байгууламж болон цахилгааны дэд станц ХТП ажлын трассын дагуух газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг есдүгээр хавсралтаар баталсугай.

10. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд шинээр баригдах ус дулаан дамжжуулах төвийн гадна дулаан, хэрэгцээний халуун усны шугамуудыг шинээр төлөвлөж угсрах ажил 2 дугаар хэсэг ажлын трассын дагуух газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулах ажлын хэсгийг аравдугаар хавсралтаар баталсугай.

11. Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтанд заагдсан төсөл арга хэмжээний хамгаалалтын зурвасыг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоох ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.

12.  Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтанд заагдсан төсөл арга хэмжээний газар албадан чөлөөлөх асуудлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханд даалгасугай.

13. Энэхүү захирамжийн нэгдүгээр хавсралтанд заагдсан төсөл арга хэмжээний газар чөлөөлөхтэй холбогдон гарах нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Санхүү, төрийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

14. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын  Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ