Ж.Батбаясгалан: Гишүүдэд УИХ-ын сонгууль чухал, орон нутгийн сонгууль чухал биш гэсэн хандлага байна

2012-05-01 00:00:00

Үндэсний шуудан: УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.БАТБАЯСГАЛАНТАЙ ярилцсан юм.

-Парламентын төвшинд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах шийдэлд хүрээд байна. Хоёр сонгуулийг хамт явуулахад хүндрэл хэр гарах вэ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталс¬наар эрх зүйн хувьд бүрэн зохицуулалт бий болох уу?   
-Нийслэл, орон нутгийн байр суурь бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахын эсрэг байгаа. Анхнаасаа л ийм байр суурьтай байсан. УИХ, Засгийн газар, сонгууль зохион байгуулах эрх бүхий холбогдох байгууллагад бид энэ саналаа хүргүүлсэн. Яагаад хамт явуулахын эсрэг саналтай байгаа юм гэхээр зохион байгуулалтын хувьд хүнд¬рэлтэй гэдэг тэр агуулгаараа биш. УИХ, нийслэлийн ИТХ гэдэг энэ хоёр байгууллага үндсэн чиг үүргийн хувьд тэс өөр. Нэгдүгээрт, УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, төрийн байгууллага. Нийслэлийн ИТХ болон бүх шатны ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу төлөөллийн байгууллага. Энэ бол иргэдэд хамгийн ойр байдаг бай¬гууллага. Гэтэл энэ хууль цаг хуга¬цааны хувьд гэдэг юм уу, ийм нэг ша¬хуу байдлаар, хоёр сонгуулийг нэг дор зохион байгуулж болно гэж яриад байгаа. Бид үүний эсрэг саналтай байна. Хоёр сонгуулийг нэг дор зохион байгуулахаас өмнө Нийслэ¬лийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаад өгвөл хамаагүй дээр. Нийс¬лэл эхлээд өөрөө бие даагаад эдийн засгийн асуудлаа шийддэг, бусад хүндрэлтэй асуудлаа шийддэг байх хэмжээний эрх мэдэлтэй, эрх зүйн болоод эдийн засгийн хувьд бие даасан зохицуулалттай болж байж Нийслэлийн ИТХ-ын сонгуулын тухай хуулийг ярихаас биш өнөөдрийн Үндсэн хуулийн зохицуулалт, бусад салбар хуулийн зохицуулалтаар бол цагаа олоогүй хуулийн төсөл явж байна гэж харж байна. Гэхдээ нэгэнт УИХ-д Нийслэлийн ИТХ-ын сонгуу¬лийн тухай хуулийн төслийг өргөн бариад, хэлэлцүүлгийг нь хийгээд явж байгаа тул хууль батлагдвал орон нутгийн өөрөө удирдах байгуул¬лага түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
-УИХ-ын сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор сонгуу¬лийн тухай хуульд нэмэлт, өөрч¬лөлт оруулж болдоггүй хуулийн заалттай. Харин орон нутгийн сон¬гуулийн тухай хуульд ийм босго байдаггүй. Тиймээс сонгууль болохоос хоёр сарын өмнө шинэ хуулийн төсөл санаачлаад бат¬луулах гэж байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх үү?
-Олон улсын чиг хандлагаар бол аливаа сонгууль болох тухайн жилд нь багтаж сонгуулийн хуулийг огт хөнддөггүй. Тиймээс энэ жишгээр л УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор нэмэлт, өөрчлөлт оруу¬лах¬гүй гэдэг заалттай. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг бол өөрчилж, шинээр санаачилж болж байна. УИХ-ын сонгууль чухал, орон нутгийн хурлын сонгууль чухал биш гэдэг хандлага эндээс харагдаад байгаа юм. Хоёрхон хоногийн дотор хуулийн төсөл санаачлан өргөн бариад, нэг хоногийн дотор хуулиа батлах гэж байна. Тэгсэн мөртлөө Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ хоёр жилийн турш хэлэлцэж байгаа. Ийм ялга¬вартай сэтгэл зүй, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болжээ.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлт юу вэ?
-Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч байна. Ганц жишээ хэлэхд 2010 төсөв бат¬лахад нийслэл 110 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцоод байв. Гэтэл тэр тооцооноос 56 тэрбумыг улсын төвлөрсөн төсөвт татаад авчихсан. Тэгээд үлдсэн мөнгөнийх нь 30.9 тэрбумыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын нийтийн тээврээр хөнгө¬лөлттэй зорчсоны нөхөн олговорт зарцуулахаар болсон. Ингээд үлдсэн хэсэг нь буюу нийт олсон орлогынхоо дөнгөж 25 хувийг зарцуулж байгаа нийслэл эдийн засгийн чадавхи ямар байх билээ. Тиймээс бид өнөөгийн хууль эрх зүйн орчноо сайжруулъя гэж байгаа. Өнөөдөр бол Улаанбаатар хот 30-40 мянган хүн амтай аймагтай адилхан эрх зүйн орчинтой байна. Үүнийг өөрчилж нийслэлийг онцгойлж авч үзье гэж санал гаргасан. 280 мянган хүн амтай дүүргийн эрх мэдлийг аймгийн хэмжээнд, 10 мянга гаруй хүн амтай хороог ядаж сумын хэмжээнд авч үздэг болъё л доо. Тэр нь зөвхөн эрх мэдлийн хувьд биш ажлын зохион байгуулалт гэдэг ч юм уу бусад олон зүйлээрээ ийм баймаар байна. Хо¬роонд 10 мянган хүн амд таван хүн л үйлчилж байна. Тийм байхад төрийн үйлчилгээний шуурхай, чанартай, хүртээмжтэй байдал гэх мэтийг яриад амьдрал дээр хэрэгжих үү. Хоёрдугаарт, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ядаж олсон орлогоо нийслэл өөрөө мэдээд иргэддээ зарцуулдаг эрхтэй байх юм бол олон хүндрэлтэй асууд¬лыг шийдэж болно. Гуравдугаарт, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол болохгүй нь. Ямар сонгуулийг нь нэг хоногийн дотор хууль санаачлан батлаад явуулдаг, ямрыг нь болохоор хэдэн жилээр ярьдаг юм. Орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх тухай хуулийг УИХ хэдэн жил яриад батлахгүй байна. Зарим гишүүн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 20 жил яриад ч шийдэж чадахгүй гэж тоглоом шоглоомоор хэлж байна лээ.
-Хамгийн гол нь ингээд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зургадугаар сард явуулчихаар ИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ дөр¬вөн сараар дутуу эдлэнэ. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөх юм биш үү. Хоёр сонгуулийг хамт зохион байгуулна гэж ярьж эхэлснээс хойш л энэ талаар зарим гишүүн хөндөж байсан?
-Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг бид саналдаа тусгасан. Тэгэхээр Үндсэн хуульд нийслэлийн ИТХ-ыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно оо л гэсэн бол түүнийг л баримтлах ёстой. УИХ-ын гишүүдийн хувьд орон нутгийн хурлын байгуул¬лагын төлөөлөгчдийн бүрэн эрх хамаагүй л байдаг юм байна. Тий¬мээс нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлаж байна. Тэгвэл нэгмөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ч гэсэн УИХ-ынхтай хамт хийе л дээ. Бүх сонгуулийг хамт хийхээр л зардал хэмнэчихдэг юм бол бүгдийг нь л хамт хийе. Тийм биш л байхгүй юу. Одоо нийслэлийн ИТХ-ын сонгуулийг дүүргийн ИТХ-ын сонгуулиас салгаж УИХ-ын сонгуультай цуг хийх болж байна. Гэтэл зардлын хувьд яг адилхан. Намар дүүр¬гийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад яг адилхан зардал гарна. Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар ажилласан тойрог, хэсгийн хороод байгуулагдана. Тэнд ажиллах ёстой хүмүүс ажиллана.
-Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар бол УИХ-ын сонгуулийг тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог нэг байх уу, эсвэл өөр байх уу гэдэг дээр Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр нэлээд маргалдаж бай¬на лээ. Таныхаар аль нь зөв бэ?
-Одоогоор хууль батлагдаагүй тул эцэслэж хэлж мэдэхгүй явж байна. Бидний авч байгаа мэдээллээр бол ер нь хоёр сонгуулийн тойрог нэг байх юм байна гэж ойлго¬сон. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах тойрог, хэсгийн хороод нэг байна гэсэн ойлголттой байгаа. Уг нь бидний байр суурь бол үүний эсрэг юм.
-Тэгэхээр нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог УИХ-ын сон¬гуулийн тойргоос олон байх хэрэгтэй гэж үү?
-Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан бидний зүгээс гаргаж байгаа хоёр гол санал бий. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол нийслэлд УИХ-ын зургаан тойрог байна гээд заасан. УИХ-ын 21-26 дугаар тойрогт нийслэлээс 14 мандат ногдоно. Нийслэлийн ИТХ-ын тойргийг энэ тойрогтой яг адилхан хэмжээнд үзэж байгаа. Гэтэл хоёр сонгуулийг ингээд ижилхэн зургаан тойрогт явуулах юм бол санал хураалт явуулахад хүнд¬рэл гарна. УИХ-ын сонгуулийн хувьд нийслэлийн нэг тойргоос 2-3 хүн сонгогдоно. Гэтэл нийслэлийн ИТХ-ын 45  төлөөлөгчийн 30 нь мажоритар хувилбараар буюу тойрогт өрсөлдөх учир тэр 30 хүнийг зургаан тойрогт хуваахад нийслэлийн ИТХ-ын сонгуу¬лиар нэг тойрогт таван мандат ног¬дож байгаа юм. Тэгэхээр тухайн сонгогч нийслэлийн ИТХ-д сонгох таван нэр дэвшигчийг дугуйлах болж байна. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх магадлалтай 15 нам байгаа гээд тооцоход нийслэлийн ИТХ-ын нэг тойрогт 60 гаруй хүн нэр дэвших таарах нь. Ингээд бодохооор сонгогч¬дын хувьд төвөгтэй. Олон хүний нэр дугуйлна, будилна. Тиймээс орон нутагт өөрт нь байгаа бүрэн эрхийг нь УИХ хуулиар шууд булааж аваад заачихмааргүй байна гэсэн санал өгсөн.
-Та нарынхаар бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэдэн тойрог байх нь зохистой вэ?
-Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар нийслэлийн ИТХ 15 тойрог¬той, тэдгээр тойргоос 45 төлөөлөгч сонгогддог. Одоо шинэ хуулийн төс¬лөөр бол УИХ-ын сонгуулийн тогтол¬цоог  дагаад 45 төлөөлөгчийн 15-ыг нь пропорциональ буюу намын нэ¬рээр сонгоно. Үлдсэн 30-ыг нь тойр¬гоос сонгоно. Одоо байгаа 15 тойргоо хэвээр хадгалаад явбал тохиромжтой гэж үзэж байгаа. Ер нь нийслэлийн ИТХ хэдэн тойрогтой байх вэ гэдгийг орон нутаг өөрөө шийддэг байсан. Үүнд УИХ шууд оролцож болохгүй. Тиймээс бид энэ талаар саналаа хэлсэн. Уян хатан хандаач, хоёр сонгуулийг хамт явуулна гэдгээ УИХ шийддэг юм байгаа биз. Орон нутагт ядаж тойргоо өөрсдөө зохион байгуу¬лах эрх өгөөч гэж хандсан. Тэгвэл бид сонгогчдын тоонд тохируулж тойргоо хуваарилах боломжтой. Тэгж байж сонгогчдын саналыг аль болох орхиг¬дуулахгүйгээр санал хураалт явуул¬на. Хэрвээ УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог яг адил¬хан, өөрөөр хэлбэл нийслэл ердөө зургаан тойрог байх юм бол нийслэ-лийн ИТХ-д өрсөлдөх хүн олдохгүй. Яагаад гэвэл УИХ-д нэр дэвшиг¬чидтэй яг адилхан тойрогт нэр дэв¬шээд, адилхан тооны сонгогчидтой ажиллах юм чинь. Ямар ч  хүн УИХ-д л нэр дэвшинэ шүү дээ. Тэгээд бүх нэр дэвшигчдийн авсан саналыг эрэмбэлэн жагсааж байгаад хамгийн олон санал авсан нь УИХ-д, дараа¬гийнх нь нийслэлийн ИТХ-д сонгогд¬сон гэж үзэх юм уу. Тэгэхээр энэ бол утгагүй юм.
-Нийслэлийн ИТХ-д пропор¬ционалиар буюу намын нэрээр 15 хүн сонгогдоно. Тойрогт 30 манда¬тын төлөө өрсөлдсөн нэр дэвшиг¬чид энэ 15 руу гулсаж орж ирэх үү?
-Гулсах заалт үйлчлэхгүй. Энэ гулсах заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчинө. Гулсах заалт битгий хэл орон нутгийн сонгуулийг ингэж УИХ-ын сонгуультай хамт явуулж байгаа нь оновчгүй юм.

Г.СОНИНБАЯР