Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг

2017-11-17 09:45:40

Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт  төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас  тодрууллаа.

-Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу?

-Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр нэг ёсондоо төр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчөө эзэмшүүлж, ашиглуулсны төлөө авч буй төлбөр юм.

-Газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газрын төлбөрийг жилд хэдэн удаа төлөх ёстой байдаг вэ?

-Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жилийн төлбөрийг тэнцүү хувааж улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлнө. Тухайлбал 1-р сарын 25, 4-р сарын 25, 7-р сарын 25, 10-р сарын 25-ны дотор төлөх ёстой. Газрын төлбөрийн онцлог нь тухайн улирлынхаа эхэнд төлөгддөг гэдгийг газар эзэмшигч, ашиглагч тэр бүр анзаардаггүй.

-Хэрвээ заасан хугацаандаа төлөөгүй бол ямар арга хэмжээ авдаг вэ?

-Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч, заасан хугацаанд газрын төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй тохиолдолд төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Мөн удаа дараа Газрын албанаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэлгүй газрын төлбөрөө төлөхгүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг.

-Газрын төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүй тохиолдолд иргэд мэдэгддэг үү?

-Нийслэл, дүүргийн Газрын алба  иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь газрын төлбөрөө төлөх талаар утас, мессеж, факс, цахим хаяг зэргээр холбогдож, газрын төлбөрийг нэхэмжлэн ажилладаг. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын гэрээ байгуулахдаа манай байгууллагад бүртгүүлсэн хаяг, утсаа өөрчилсөн тохиолдолд холбогдох боломжгүй байдаг. Тэгэхээр газар эзэмшигч, ашиглагч нар холбогдох хаяг, утас зэргээ өөрчилсөн тохиолдолд ирж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд газрын төлбөрөөс хэдэн төгрөгийг төвлөрүүлэхээр тусгагдсан байгаа вэ. Биелэлт нь хэдэн хувьтай байна?

-2017 онд нийслэлийн төсөвт Газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 27.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн биелэлт 89 хувьтай байна.

-Ирэх онд газрын төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

- 2018 онд Нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

-Иргэд газрын төлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хаана хандах ёстой вэ?

-Газрын төлбөртэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс болон харьяа дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч нарт  хандаж болно. Мөн Нийслэлийн газрын албаны Gazar.ub.gov.mn хаягаар орж холбогдох мэдээлэлтэй танилцаж болно.

-Газрын төлбөрийг яаж тооцдог вэ?

-Газрын төлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолд үндэслэн эзэмшиж, ашиглаж буй нийт газрын хэмжээгээр тооцон боддог. Одоогоор мөрдөгдөж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь газрын үнэлгээний 5 бүс, газар ашиглах 15 зориулалтаар 1 м.кв газрын төлбөрийг тогтоосон байдаг.

Жишээ нь, хотын төвд 700 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшдэг гэж бодъё. Газрын төлбөрийн бүсийг 1 гэж үзвэл 1 дүгээр бүсэд үйлчилгээний зориулалттай газар 1 м.кв-д  440 төгрөгөөр бодогддог. Тэгэхээр жилийн газрын төлбөр нь 700 м.кв * 440 төгрөг = 308’000 төгрөг болж байна. Үүнийгээ 4 улиралд хувааж төлнө гэсэн үг.