253 ажилтан албан хаагч хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ

2017-11-07 16:53:31

Багахангай дүүрэгт өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зам, талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс  аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт  байгууллагын орчин болон хуваарьт газрын  цасыг бүрэн цэвэрлэж мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж  ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Өгөгдсөн үүргийн дагуу энэ сарын 6-ны өдөр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ BOBCAT, ковш трактор, хог тээвэрлэгч машинаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг, нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагын  253 ажилтан албан хаагч байгууллагын орчин болон дүүрэг, хорооноос хуваарилсан хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ.

Мөн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–ын ажилтан албан хаагчид 1 дүгээр хорооны авто зам, 1, 2 дугаар хороог холбосон авто замын эргэлт, Төмөр замын гарамын 2 тал, Гал унтраах 80 дугаар ангийн эргэдэг булан, Улсын чанартай авто замын хурд сааруулагчийн 2 тал, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний алаг хавтан, орон сууцны байр дундах хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолуудыг цэвэрлэн Замын цагдаагийн пост,  1, 2 дугаар хороог холбосон авто зам, төмөр замын гарамын тойрог хэсэг, Үнэгтэй гэр хорооллын авто замд  1 тн бодис, 315 кг  давс цацав гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.