2012.02.20 Үүрэг даалгавар

2012-02-20 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2012.02.20
    НЭГ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар ахлуулсан “Иргэдийн оролцоо- Өрхийн хөгжлийг дэмжих” жилийн ажлын хэсэг нэгдсэн төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх, нийслэлийн хэмжээнд жилийн ажлын нээлтийн арга хэмжээг зохион байгуулах.
    Ажилгүй иргэдийн бүртгэл, түүвэр судалгаанд тулгуурлан иргэдийг бүлгийн зохион байгуулалтаар ажиллуулах болон ажил үйлчилгээ нь жигдэрсэн аж ахуйн нэгжүүдийн ажлын байранд түшиглэн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг нийслэлийн Хөдөлмөрийн газар судалж үзэх.
    Дүүргүүд тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлуулж ажиллах.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2012 оныг “Иргэдийн оролцоо- Өрхийн хөгжлийг дэмжих” зорилтод жил болгон жилийн ажлын нээлтийг 02 дугаар сарын 16-ны өдөр хийж, уг арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн яармаг зохион байгуулсан, Өрхийн бизнес хөгжлийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн, Жижиг, дунд үйлдвэрлэлийг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан 72 бичил жижиг бизнес эрхлэгч, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргасны дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах  “Санамж бичиг”-т гарын үсэг зурах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна.
        Нийслэлийн Хөдөлмөрийн газар нийслэлийн ажилгүй иргэдийг газар тариалан эрхлүүлэх хөтөлбөрийг шинээр боловсруулан болон өнгөрсөн онд туршин хэрэгжүүлсэн төслөө үргэлжлүүлэх саналаа НХХЯам, Улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус хүргүүллээ. Дээрх төслүүдэд 2012 онд нийслэлийн хэмжээнд ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгэгдсэн 15-65 насны, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 1000 иргэнийг нэмж хамруулан “UB AGROPARK” байгуулахаар төлөвлөсөн байна.

    ХОЁР. Өнгөрсөн онд нийслэлийн төр, захиргааны байгууллагаар дэмжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр банкнаас зээл авч үр дүнд хүрсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, ярилцлага хийж зөвлөлгөөн зохион байгуулах, бүтээгдэхүүнийг нь сурталчилсан үзэсгэлэн худалдаа гаргах ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хариуцах.
    БИЕЛЭЛТ: 2011 онд нийслэлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин 396 төсөлд 30.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгуулан 1330 ажлын байр шинээр бий болгосон байна.
    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн Засаг дарга, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Хас банк хооронд байгуулсан” Санамж бичиг”-ийн дагуу 2011 онд 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ХХААХҮЯ-наас шийдвэрлүүлж 428 иргэнд 1.5 тэрбум  төгрөгийн бичил зээлийг олгуулсан. Зээл авсан бүх иргэд гэр хороололд үйлдвэрлэл эрхлэгчид, зээлдэгчдийн 138 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан.
    “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2012 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хийсэн. Нийслэлийн дүүргүүд тус бүрийдээ зөвлөгөөн зохион байгуулж 1640 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан ба зөвлөгөөний үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилан борлуулах үзэсгэлэн худалдаа явуулсан байна. Мөн “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдаа болон “Үйлдвэржилтийн үзэсгэлэн”-г энэ сарын 09-13-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд гаргасан.
    Дүүргүүдийн ЗДТГ 2012 онд зээлд хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөө өгч, шаардлага хангасан материалуудыг бүртгэж байна.

    ГУРАВ. Нийслэлийн Нийтийн тээврийн газар сар шинийн баярын өмнө нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлтийг Замын цагдаагийн газартай хамтран авч үзэж үйлчилгээний доголдлыг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар энэ онд ажиллах чиглэлээ тогтоох, нийтийн тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэгчдийн саналыг авах.
    Авто тээврийн хэрэгслэлийн үзлэг, оношлогооны үеэр шаардлага хангахгүй нийтийн тээврийн хэрэгслэлийг шугам замын үйлчилгээнээс гаргах.
    БИЕЛЭЛТ: Сар шинийн баярын үйлчилгээг зохион байгуулах тухай нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга тушаал гаргаж үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дарга нарт танилцуулан баярын өдрүүдэд зорчигч тээврийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний доголдол, зөрчилгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.
    Техникийн хяналтын хаврын ээлжит үзлэг, оношлогоог явуулах бэлтгэлийг хангуулж, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаагүй байсан 11 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс чөлөөлжээ.
    Нийтийн тээврийн үйлчилгээний “Тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах” сэдэвт онолын сургалт явуулж 24 аж ахуйн нэгжийн инженер, техникийн 61 ажилтныг хамруулав.
    Нийслэлийн Нийтийн тээврийн газар , Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах” сэдэвт хяналт шалгалтыг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан 10 хоногийн хугацаатай явуулж 806 тээврийн хэрэгслийг шалган, 613 зөрчлийг илрүүлж арилгуулсан ба энэ үеэр 907 жолоочоос замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авсан байна.
    Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, нийслэлийн Нийтийн тээврийн газрын улсын байцаагч нар тус дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг нийтийн тээврийн хэрэгслүүдэд хамтарсан шалгалт явууллаа.

    ДӨРӨВ. Нийслэлд 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган-2012”-д шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр усны хангамж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, метро байгуулах, давхар зам барих, гэр хорооллыг барилгажуулах,  нийгмийн салбарт дэд бүтцийг хөгжүүлэх, концессын зүйлийн жагсаалтыг хэрэгжүүлэх зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгохоор холбогдох байгууллагууд хамтран бэлтгэх.
     БИЕЛЭЛТ: Зөвлөгөөний бэлтгэлийг хангах, зөвлөгөөнд хэлэлцүүлэх болон санал болгох төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг боловсруулах ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хотын хөгжлийн бодлогын хэлтэс, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон холбогдох бусад байгууллагууд хийж байна.
    Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс харилцаат бүх хотууд, Монголд суугаа гадаадын Элчин сайдын яамд болон Олон улсын төлөөлөгчдийн газарт урилга явуулсан.
    ТАВ. Дүүргүүдийн ЗДТГ, хороод ахмадуудын бүртгэлээ шинэчлэн тулгалт хийх, сар шинийн баяр угтаж байгууллагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-20-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээ хийх.
    БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ, хороод ахмадуудын бүртгэлээ Ахмадын хорооныхоо бүртгэлтэй тулгалт хийсний үндсэнд ялангуяа харъяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах хуваарь гарган 2012 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар 65.0 орчим ахмадад хүндэтгэл үзүүлсэн мэдээлэл ирүүлсэн байна.
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд болон төсөвт байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулах, урлагийн тоглолт сонирхуулах, ном хуруулах, мэндчилгээ хүргүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулжээ.
    Нийслэлд аж төрж байгаа 100-гаас дээш настай 44, 95-аас дээш настай 238 азай бууралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх ажил хийгдэж байна.
    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17,18-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан ба цэвэрлэгээний ажил үргэлжилж байгаа учир эцсийн дүн мэдээ нэгтгэгдэж гараагүй байна.
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дүүрэг, хороодод улсын байцаагчдыг ажиллуулж 32 хорооны нутаг дэвсгэрт 65 хогийн цэг үүссэн байсныг илрүүлж албан шаардлага өгч хогийг ачуулсны дээр Урьдчилан сэргийлэх байгууламж НӨҮГ-ын лаг тээвэрлэлтийг зогсоох мэдэгдлийг дахин өгөөд байна.    
    Нийслэлийн Нийтийн тээврийн газар байгууллагын ажиллагсдын хүчээр автобусны эцсийн 21, дундын 16 зогсоол, түүний орчмыг цэвэрлэсэн,

    ЗУРГАА. Монгол Улсын “Тендерийн тухай” хуулийн заалтын дагуу үнэлгээний хорооны гишүүдийн олонх нь худалдан авах ажиллагааны сертификаттай байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 06-наас эхлэх сургалтад үнэлгээний хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг бүрэн оролцуулах ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулах.
    БИЕЛЭЛТ: Сангийн яам, нийслэлийн ЗДТГ хамтран худалдан авах үйл ажиллагааны А3 сертификатын сургалтад 258 албан тушаалтныг хамруулахаар нэрсийн жагсаалт гаргаснаас эхний ээлжинд 62 хүн суралцаад байна.
    Өнөөдрийн байдлаар Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ууд Сангийн яам, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнес төв, Удирдлагын академитай хамтран сургалт явуулж 50 албан тушаалтныг хамруулсан ба Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газраас авсан шалгалтад тэнцсэн албан тушаалтнуудад сертификатыг олгожээ. Нийслэлийн Газрын алба, Өмчийн харилцааны газрууд мөн сургалт явуулсан байна.

    ДОЛОО. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад анхаарлаа хандуулж юуны өмнө авто замын трасст болон барилга барих талбайн зураглалд орсон объектуудыг нүүлгэн газар чөлөөлөх, салбарын яамдаас эрх шилжиж ирсэн ажлуудыг гүйцэтгэхэд хугацаа алдахгүй байх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн явцыг хянахад иргэдийн болон Төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.
    БИЕЛЭЛТ: Хөрөнгө оруулалтаар 2012 онд хийгдэх ажлуудын газрын асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор нийслэлийн Газрын алба 67 байршлын схем, зураг бэлтгэн Мэргэжлийн комиссын хуралд танилцуулснаас 46 нь шийдвэрлүүлсэн ба 29 байршилд схем, зураг бэлтгээд байна.
    Нийт трассын талбайд 1743 нэгж талбарын 93.4 га газрыг чөлөөлөхөөр судалгаа, бүртгэл гаргасны үндсэнд ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс,  нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах үерийн далан, бохир усны шугам, цахилгааны шугам сүлжээний трассын дагууд газар дээр нь танилцлаа.
    Энэ онд барьж байгуулах нийт 74 гүүр, гүүрэн гарц, авто зам, замын байгууламжаас одоогийн байдлаар 28 байршлын байгууламжийн батлагдсан зураг, төслийг нийслэлийн Авто замын газраас нийслэлийн Газрын албанд ирүүлээд байна.
    Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ энэ онд хөрөнгө оруулалтаар авах хог тээврийн тусгай зориулалтын 163 авто машины нээлттэй тендерийг зарлан дүгнэж  шалгаруулсан ба авто машинууд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний дотор нийлүүлэгдэнэ.
    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн барилга”-ын ажлыг гүйцэтгэх явцад тухайн хорооны иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх үүднээс хорооны Засаг дарга, ажил гүйцэтгэж байгаа компаниудын хооронд байгуулах, хөндлөнгийн хяналт хийх гэрээний загварыг боловсрууллаа.
    Сүхбаатар дүүргийн ЗДТГ хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавихад иргэд, Төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийнхээ  2012 оны хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг Сангийн яамны “PMMIS” сайтад, тендертэй холбоотой мэдээллийг  “ e-procurement” сайтад тус тус байршуулж байгаагийн дээр ажлын объект дээр мэдээллийн самбар тавихаар бэлтгэсэн байна.

    НАЙМ. Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх тохижилтын ажлын зураг, төсвийг танилцуулах, орон сууцны хорооллын дундах болон гэр хорооллын гэрэлтүүлгийн тендерийг яаралтай зарлах ажлыг дүүргүүдийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба хариуцан гүйцэтгэх.
    БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын алба дүүргүүдэд эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх 500 саяас 2.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ажлын тооцоог нэгтгэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт дүүрэг тус бүрээр танилцуулан саналыг нь авсны үндсэнд  2012 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар бүх дүүргийн Засаг дарга нарт эрх шилжсэн.
    ЗАА-ны Хот нийтийн аж ахуйн хэлтэс 2012 онд орон сууцны хорооллын дундах болон гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулах 9.0 тэрбум төгрөгийн задаргааг хийж холбогдох удирдлагуудаас санал авч байна.

    ЕС. Авто зам, хот тохижилт, инженерийн байгууламжийн ажил гүйцэтгэх байгууллагууд засварын ажлын графикаа ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэст энэ сарын 15-ны дотор өгөх. ЗАА нэгдсэн график хийж батлуулах.
    БИЕЛЭЛТ: Улс, нийслэлийн төсөв, байгууллагуудын өөрсдийн хөрөнгөөр 2012-2013 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, авто зам, тохижилтын ажлын талаархи мэдээллийг ирүүлэх албан тоотын хариуг 2012 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар Хан- Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн ЗДТГ-аас бусад дүүрэг, байгууллагууд ирүүлснийг ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс нэгтгэн боловсруулж байна.

     АРАВ. Монгол Улсын Засгийн Газрын “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах тухай” 01 тоот, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах тухай 02 тоот албан даалгаврыг судалж хэрэгжүүлэх ажлыг бүх шатны байгууллагууд зохион байгуулах.
    БИЕЛЭЛТ: Төрийн захиргааны болон төсөвт байгууллагууд эд хөрөнгийн үзлэг, тооллого явуулах ажлын хэсгүүд байгуулсан, төлөвлөгөө гаргасан байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас үзлэг тооллого явуулахтай холбогдуулан гаргах журам, зааварчлага ирсэн даруйд эхлүүлэхээр бэлтгэлийг хангажээ.
    “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг нийслэл, дүүрэг болон бүх түвшний байгууллагууд гарган хэрэгжүүлж байна. Засгийн Газрын 2012 оны 02 тоот албан даалгаврыг бүрэн эхээр хэвлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан бүрийн өрөөнд байрлуулсан болно.

    АРВАН НЭГ. “Нийслэл хүрээ”-ний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээнүүдийг хариуцсан байгууллага, албан тушаалтнууд сайн зохион байгуулах, нийслэлийн түүхээ иргэдэд сурталчилах.
    БИЕЛЭЛТ: “Нийслэл хүрээ”-ний 100 жилийн ойн хүрээнд 2012 оны 02 дугаар сарын06-ны өдөр Улаанбаатар хотын музейд гэрэл зургийн, 07-ны өдөр Монголын Үндэсний түүхийн музейд түүхийн баримтын үзэсгэлэнгийн нээлт, Соёлын төв өргөөнд мөн өдөр ном хурах ёслол, хүндэтгэлийн концерт, 08-ны өдөр “Хангарьд” ордонд “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал /материалыг товхимол болгон хэвлүүлсэн/, 09-ний өдөр Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөх ёслол, ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг тус тус зохион байгуулсан.
    Нийслэлийн удирдлагууд ойн баярын өдөр Ерөнхий боловсролын сургуулиудад очиж нийслэл хүрээний түүхээр хичээл заасан, дүүргүүдийн ЗДТГ хүүхдүүдийг түүхийн дурсгалт газруудаар аялуулсан, музей үзүүлсэн, АХА тэмцээн явуулсан,  сурагчдын дунд гар зургийн, нийслэлийн Соёл урлагийн газар оюутнуудын дунд “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, нийслэлийн Нийтийн тээврийн газар нэгжүүдийн дунд өндөр бүтээлийн аян зарлаж дүгнэсэн, Улаанбаатар чуулга ардын дуунаас үүдэлсэн “Хүрээ хорвоо” дуулалт жүжгийг найруулан тайзнаа анх удаа тавьсан байна.

    АРВАН ХОЁР. Ирэх сонгуулиар сонгогчдын тооноос шалтгаалан  санал өгөх байрын тоо нэмэгдэх учир дүүргүүдийн ЗДТГ сонгуулийн хэсгийн хорооны санал авах байруудыг хаана хаана байгуулахаа одооноос товлож байх, төрийн бүх шатны байгууллагын төрийн болон үйлчилгээний албан хаагчдыг сонгуулийн хэсэг, тойргийн хороодод ажиллуулахтай холбогдуулж байгууллага бүр хэсэг, тойргийн хороодод ажиллах боломжтой ажилтнуудын судалгааг гаргасан байх.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт байгууллагууд сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллах ажилтнуудын нэрсийг гарган дүүргүүдийн ЗДТГ-т  өгснийг нэгтгэн ИТХ-ын ажлын албадад хүргүүлээд байна.
    Дүүргийн ЗДТГ-ууд хорооны сонгогчдын тоонд ногдуулан хэсгийн хорооны санал авах байруудын байршил, тоог гаргасан байна. Тухайлбал: Налайх дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 44, Сонгинохайрхан дүүрэгт  80 сонгуулийн хэсгийн хорооны байр шаардлагатай.
    

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
          ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС