2012.01.23 Үүрэг даалгавар

2012-01-23 00:00:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
2012.01.23

    НЭГ. ХХААХҮЯ, Монголын махны холбоотой тохиролцсон дагуу махны үнийн хөөрөгдлийг хязгаарлах зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд худалдаалах ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хамтарч зохион байгуулах. Хороодын өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ зэргийг харгалзан нэг хороонд хоёроос доошгүй дэлгүүрт худалдаалахаар хуваарь гаргаж батлан иргэдэд  мэдээлэл өгөх. Худалдаалалтын явцад хяналт тавихад нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг оролцох.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг зарцуулан 21 аж ахуйн нэгжээр бэлтгүүлсэн 12.0 мянган тонн махнаас 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 319 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн. Нөөцийн мах нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж, худалдаалах дэлгүүрүүдийн хуваарийг Захирагчийн ажлын алба сар сараар гарган баталсан байна. Нөөцөлсөн нэг кг үхрийн махыг 3700, хонины махыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр жижиглэн худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс махны төрөл тутамд 1000-1200 төгрөгөөр хямд байна.
    Нөөцийн махны нийлүүлэлт, худалдаалалтын явцыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, ХХААХҮЯ-ны газрын дарга Ч.Энх- Амгалан болон Монголын махны холбоо, НХЭАХН-ийн удирдлагууд газар дээр нь танилцаж, иргэдийн санал бодлыг сонсон мэдээлэл өглөө.
    Энэ жилийн бэлтгэсэн нөөцийн махны чанар сайн, савлагаа нь технологийн дагуу хийгдсэн боловч Багахангайн Мах боловсруулах үйлдвэрийн хариуцлагагүйгээс Багахангай дүүрэгт 5 хоногийн дараа нийлүүлэгдсэн, Багануур дүүргийн 11 цэгт 2012 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар үхрийн мах, Чингэлтэй дүүргийн 11,12,13 дугаар хороодод аль ч төрлийн мах худалдаалагдаагүй байна.
    Нөөцийн махны нийлүүлэлт, худалдаалалтын явцыг  Монголын махны холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, нийслэл, дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байнга хяналт тавьж ажиллана.

    ХОЁР. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон салбарын сайд, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын хооронд 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулах гэрээг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын дарга нар энэ онд өөрийн байгууллагад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө холбогдох яамдтай тохиролцож баталгаажуулах.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон салбарын сайд, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хэвлэн хүргүүлсэн.

    ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын орлогчид, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар 2011 онд эхэлсэн боловч дуусаагүй ажлуудаа тооцож авч үлдсэн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах.
-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд “Цэвэр агаар сан”-гаас санхүүжигдэх хоёр ажлын /Чингэлтэй дүүргийн Д-1000, Баянзүрх дүүргийн УС-15/ тендерийг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан яаралтай зарлаж ажил эхлүүлэх.
БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын албанд эрх шилжин хэрэгжсэн 198 ажлаас 23, Сүхбаатар дүүрэгт 10, Хан- Уул дүүрэгт 3 ажил тодорхой шалтгааны улмаас он дамжин хэрэгжиж байна. /Дээрхээс өөр газрууд энэ үүргийн биелэлтийг ирүүлээгүй/
Хог тээврийн тусгай зориулалтын авто машин худалдан авах тендерийг Захирагчийн ажлын алба оны өмнө зарласан бол Дэнжийн- 1000, УС- 15-ын орчмын нам даралтын халаалтын зуухуудыг буулгаж төвийн дулаанд холбох ажлын тендерийг дүгнэн зөвшөөрөл авах, гэрээ байгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна.

ДӨРӨВ. Нийслэлийн Засаг даргаас энэ онд дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын төсвийн ерөнхий менежерүүдэд  эрх шилжүүлж гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг  нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн  Хөрөнгө оруулалтын газар эцэслэн тохиролцож шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах.
БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг даргаас дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад 2012 онд худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай 21 захирамжийг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар гарган холбогдох газруудад хүргүүлсэн.

ТАВ. Дүүрэг тус бүрт энэ онд тохижилтод зарцуулах 2.0 тэрбум төгрөгөөр хийх ажлын зураг, төсөл, ажлын хэмжээг дүүргийн Засаг дарга нар гаргаж танилцуулах.
БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн ЗДТГ энэ онд тохижилтод зарцуулах 2.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ажлын саналаа нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлснийг тус хэлтэс хянан эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх захирамжийн төсөл бэлтгээд байна.

ЗУРГАА. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2012 оны зорилтод батлагдсан  ажлуудыг бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний төсөлд тусган нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх.
    БИЕЛЭЛТ: Гэрээний төслүүд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирсэн ба гэрээг байгуулахад зорилтод батлагдсан ажлуудыг тусгах болно.

    ДОЛОО. Нийслэлд 2012 онд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр зураг, төсөл нь бэлэн болсон ажлуудын тендерийг  нэгдүгээр улиралд багтаан зарлахтай  холбогдуулж нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тендер шалгаруулах үнэлгээний хороодын бүрэлдэхүүнийг авч үзэх, үнэлгээний хороодод ажиллах хүмүүст сургалт зохион байгуулах.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хамтран үнэлгээний хороодод ажиллах албан тушаалтан, 2012 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд захиалагчийн хяналт тавих болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл 800 хүнийг оролцуулан “Хөрөнгө оруулалт- 2012” зөвлөлгөөнийг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж 2011 онд хийсэн ажлаа тайлагнан 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцсан ба хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, санхүүжилт, тайлагнах журам бүхий гарын авлагыг оролцогсдод өгсөн байна.
    Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс “Төсвийн Ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер- Эрх мэдэл, үүрэг хариуцлага” сэдвээр удирдах ажилтнуудын уулзалт, “Төсвийн тухай” хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сангийн яамтай хамтран төсөвт байгууллагуудын Ерөнхий нягтлан бодогч нарыг оролцуулсан сургалт зохион байгуулсан.

    НАЙМ. Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээний  хэлтэс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын хэсгийн багийг бүрдүүлэх, удирдамжийг батлуулж үнэлгээний ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр бэлтгэл, зохион байгуулалтыг хангах.
    БИЕЛЭЛТ: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын баталсан удирдамжийн дагуу ажлын 6 хэсэг үнэлгээний ажлыг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн ба графикийн дагуу энэ долоо хоногт дуусгана.

    ЕС. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа эмхэтгэн календарь болгон хэвлүүлж бэлтгэснийг дүүргүүдийн ЗДТГ хариуцаж өрхүүдэд тараах ажлыг зохион байгуулах.
    БИЕЛЭЛТ:  Чингэлтэй дүүргийн ЗДТГ 5.0 мянган ширхэгийг өрхүүдэд тараасан ба есөн дүүрэгт өнөөдрийн байдлаар 50.0 мянган ширхэгийг хувиарлаад байна. /Нийт 200.0 ширхэгийг өрхүүдэд тараана/

    АРАВ. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын тендерт шалгарсан хэдий ч гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, чанарын доголдол, зөрчил дутагдал гаргасан байгууллагуудын тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийг иргэдэд үзүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн алба олон нийтэд  мэдээлэл хүргэж ажиллах.
    БИЕЛЭЛТ: Өнгөрсөн онд тендерт шалгаран нийслэлд хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудаас тодорхойгүй шалтгаанаар гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгж, компани одоогоор байхгүй.
    “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийг иргэдэд үзүүлж байгаа талаар нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсүүдээс хийх суртчилгааны хуваарийг нийслэлийн Татварын газрын дарга батлан хэрэгжүүлж байна. Мөн газраас суртчилгаанд зориулсан багц материалыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн албанд ирүүлжээ.

    АРВАН НЭГ. Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд Энхтайвны өргөн чөлөөгөөр тодорхой цагуудад нийтийн тээврийн хэрэгслэлүүдийг авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болгох.
    -Нийслэлийн Нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулах. Жолооч нарын сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах.
    БИЕЛЭЛТ: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Энхтайвны өргөн чөлөөнд Баруун дөрвөн зам, Энхтайван найрамдлын ордон, Мөнгөн завъяа, Санктпетрбург, Ионсей эмнэлэг, ХХААХҮЯ, 13 дугаар хороолол зэрэг долоон цэгт өглөө, оройны оргил ачаалалтай цагуудаар нийтийн тээврийн хэрэгслүүдийг авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих байдалд шугам замын хяналт, судалгаа, тооцоо, төлөвлөлт хийн дээрх нэр бүхий байгууллагуудын уулзалт зохион байгуулахаар бэлтгээд байна./ Зохицуулалтын ажил эхлээгүй/
    Нийслэлийн Нийтийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнийг зохион байгуулж  тэдэнд хэсэгчилсэн сургалт явуулсан ба нийтийн тээврийн жолооч бэлтгэх, давтан сургах чиглэлээр эрх авсан Автобус-3, Цахилгаан тээвэр компаний сургалтын чанар байдалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ сарын 26-наас шалгалт хийхээр төлөвлөжээ.

    АРВАН ХОЁР. Явган хүний замын болон байгууллага, аж ахуйн нэгжийн ойролцоох хальтиргаа, гулгааг арилгахад Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга нар онцгой анхаарч нэмэгдэл хүч гаргах, нийтийн цэвэрлэгээ хийлгэх.
    БИЕЛЭЛТ: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат дүүргүүдийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын Тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан хальтиргаа, гулгааг арилгахаар хийж байгаа ажилтай нь танилцаад цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн байна.
    Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд төвийн зургаан дүүргийн авто замуудад 11.2 тонн хайлуулагч бодис, 90.3 тонн давс, 5.0 тонн элс цацсан, Хан- Уул дүүрэг Эко ногоон бүлгийн 50, Чингэлтэй дүүрэг ХХҮХ-ээс 50 иргэн, 12,16 дугаар хороонд эко эргүүлүүдийг ажиллуулж хальтиргаа гулгааг арилгуулсан тухай мэдээлэл ирүүлснээс үзэхэд нэмэгдэл хүч гарган явган хүний замын хальтиргаа гулгааг арилгах үүргийг дүүргүүдийн ЗДТГ, Хот тохижилтын газар хангалтгүй биелүүлжээ.

    Нэмэлт мэдээлэл: “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн Газрын 103 дугаар тогтоолоор дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. 2011 онд цэцэрлэгүүдэд нийлүүлсэн гурил, гурилан бүтээгдэхүүний 94.8 хувь, печень жигнэмэгийн 60.0 хувь, гоймонгийн 98.0 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгаагаас үзэхэд нийслэлийн хэмжээнд энэ тогтоолын хэрэгжилт хангалтгүйг холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарвал зохино.



            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
              ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС