Даншиг наадмын үеэр 3-4 мянган жуулчин хүлээж авна

2017-07-31 12:35:08

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. 

“Хүрээ цам-Даншиг” наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр /2017.07.31/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Даншиг наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын 5-ны өдөр 11:00 цагт эхлэх бөгөөд нээлтийн дараа Соёмбот туг залах ёслол, Очирваань шүтээний тахилга гэх мэтчилэн бурхан шашны зан үйлийг үйлдэх юм байна. 

Мөн уг наадмын үеэр наадамчин олонд зориулан хүрээлэнгийн хаалга бүрээс үнэ төлбөргүй тасалбар авч, тасалбарынхаа дагуу баяр наадмыг сонирхох боломжтой. “Хүрээ цам-Даншиг” наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой, хүчит 256 бөх барилдах гэнэ. 

Сүсэгтэн олонд үнэ төлбөргүй тасалбар тараана

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадмын зохион байгуулалтын хувьд үндэсний их баяр наадамтай адил ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд худалдаа, үйлчилгээний асар майхан иргэдэд үйлчилнэ. Мөн наадмын өдрүүдэд аялал жуулчлалын “Дэлхийн өв, Монгол соёл” үзэсгэлэнг хүмүүст сонирхуулах бол Төв цэнгэлдэхийн урд хаалга дээр нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолтыг хоёр өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн Даншиг наадмын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа учраас төсөв мөнгөний хувьд харьцангуй бага зардлаар зохион байгуулж байгаа. Наадмын үеэр бид 3-4 мянган гадны жуулчдыг хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэдгээ хэлсэн юм. 

Даншиг наадмаар 1000 орчим лам хуврагууд цугларна

Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Одгарьд уг наадмын хөтөлбөрийг танилцуулахдаа “Хүрээ цам-Даншиг” наадам нийт таван өдрийн хөтөлбөртэй. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Цогчин хурлын дуганд таван өдрийн их хуралдай болж, ирэх сарын 5, 6-ны өдөр сүсэгтэн олныг цэнгүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Уг наадмын хурал номын ёслолын ажил наймдугаар сарын 3-ны өдөр 15 цагт Гандантэгчинлэн хийд дээр Жахар цамын балин тахил, баг, хувцас адислах ёслол, бясалгал хурлаар эхлэх юм. Мөн наадмын өдрүүдэд Монголын өнцөг булан бүрээс 1000 орчим лам хуварга цуглаж, унзад хаялцах, тахилч нарын тэмцээн тэргүүтэн болно. Наймдугаар сарын 6 буюу хоёр дахь өдөр Хүрээ их цамыг Гандантэгчинлэн хийдийн 120 хүний бүрэлдэхүүнтэй лам хуврагууд үйлдэж, сүсэгтэн олонд хүргэнэ” гэв. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат