Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 45.5 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 

3. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний газрын байршил, техникийн нөхцлийн  асуудлыг яаралтай шийдвэрлэхийг  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ