Шувууны гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай

2013-01-14 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх заалт,  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг  үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ  нь:

Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа  тэжээвэр шувуу болон шинээр бойжуулж  байгаа дэгдээхэйг   гоц халдварт Марек, Ньюкастль-халдварт  бронхит, Бурсал, Ньюкастль-халдварт  бронхит-өндөглөлт буурах хам синдром өвчнүүдээс  урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулах ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулсугай.

Хоёр. Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

1. Дүүрэг, хороонд хийгдэх шувууны гоц халдварт  өвчнүүдээс  урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг  товлогдсон   хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх.

2. Энэ ажилд онцгой ач холбогдол өгч шувуутай  иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны  байгууллагуудыг татан оролцуулах,  ажиллах хүн хүч  болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах

Гурав. Шувууны гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын   ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж,  шаардагдах  вакцин, зүү, шприц, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэлээр ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар  /Д.Урансүрэн/-т даалгасугай.

Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /С.Ням-Очир/ нарт  тус тус үүрэг болгосугай .

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТҮҮЛ