Ч.Гантулга: Нийслэл хотын нутаг дэвсгэрийн есөн метр квадрат бүр хаягтай болж байна...

2017-06-21 14:50:48

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга Англи улсад байгуулагдаж Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж буй what3words компанийг нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарал хандуулан Монгол дахь what3words-н багтай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийг Нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж хэрэгжүүлэхээр болжээ. What3words бол дэлхийн гадаргууг 3мХ3м хэмжээтэй 57 их наяд квадратуудад хувааж квадрат тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосон шинэлэг хаягжилтын систем юм.  Өнөөдөр дэлхий дахинаа хувь хүмүүс, компаниуд, албан байгууллагууд энэхүү энгийн хирнээ өндөр нарийвчлалтай хаягжилтын системийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.

 What3words хаягжилтын системийг Монгол улсад анхлан нэвтрүүлэхээр болж байгаа бөгөөд дэлхийн хаягжилтын энэхүү шинэ системийг нийслэл хотдоо нэвтрүүлж ашиглахад Монгол дахь what3words-н багтай хамтран ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч, Санхүү эдийн засгийн хороо, Хууль эрхзүй төрийн байгуулалтын хорооны гишүүн, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хороон дарга, Замын түгжрэл ажлын хэсгийн гишүүн Ч.Гантулгатай ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

- what3words буюу 3 үгт хаягжилтын системийг нэвтрүүлэх ажил хэр явагдаж байна вэ?

what3words компани анх “Ард санхүүгийн нэгдэл” компаниар дамжуулан Монгол Шуудан ХК-тай  холбогдсон. Ингээд Монгол Шуудан ХК үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр Монгол улсад анх 3 үгт хаяг ашиглагдаж эхэлсэн.  3 үгт хаягжилтын системийг Нийслэлийн засаг дарга С.Батболдод танилцуулахад дэлхийн хэмжээнд нэвтэр буй хаягжилтын шинэ системийг манайх нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэж дэмжсэн тул нийслэлийн  эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээний газруудаас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаад  ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энгийн иргэдээс эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд 3 үгт хаягжилтыг  үйл ажиллагаандаа идэвхитэй хэрэглэж эхлээд байна.  what3words –н технологийг дэлхийн нийт 170 гаруй оронд 14 гаруй хэл дээр ашиглаж байгаа бөгөөд Монгол улсын хэрэглэгчиддээ зориулан Монгол хэлтэй апп гаргаснаар бидэнд энэ системийг Монголд хэрэглэх бүрэн боломжийг олгож байна. 3үгт хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хэсгийн гол нь эхлээд хаягжилт хангалтгүй бүсүүд буюу гэр хорооллын өрх бүрийг өөрсдийн үндсэн хаяг дээр 3 үгт хаягийг нэмэлтээр ашиглан төрийн үйлчилгээ авах боломжоор хангах, цаашлаад улсын хэмжээнд хаягжилттай холбоотойгоор үүсэж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд 3 үгт хаягийн шийдлэийг ашиглах зорилготой байна. what3words –г хамгийн энгийнээр ойлгуулахад дэлхийн бөмбөрцөгийн 9м² бүр хаягтай болчихож байна гэсэн үг.  Тэгэхээр 9м² бүрийг нэрлэсэн 3 үгээр бид дэлхийн бөмбөрцөгийн аль ч хэсгийг олох боломжтой.  Манай дээр ярихад нийслэл хотын нутаг дэвсгэрийн есөн метр квадрат бүр хаягтай болж байна.

-Манай нийслэл бол Амарын гудамж, Доржийн гудамж гэх мэтээр тогтсон хаягтай...?

- Тийм ээ, өнөөдөр Монгол улс хуулиар баталгаажсан хаягтай.  Гэхдээ бид үүнийхээ хажуугаар төрийн үйлчилгээг сайжруулах мөн дэлхийд нэвтэрч буй инноваци, технологийн хөгжлийг дагаж хамт алхах ёстой. 3 үгт хаягжилтын систем нь ямарваа нэгэн байдлаар одоогийн хаягжилтыг өөрчлөх биш харин одоо байгаа систем дээр нэмэлтээр ажиллаад явна гэж ойлгож болно.  Ухаалаг утсандаа what3words-н технологид суурилсан апп-аа татаж аваад 3 үгт хаягаа хийгээд сурчихад л болно. Манай улсын хаягжилтын хувьд зах руугаа эмх замбараагүй бол төв хэсэгтээ албан ёсны хаягаа ашиглаж хэвшээгүй ажиглагддаг. Бид таксинд суугаад Сөүлийн гудамжны 2 дугаар байшин гэвэл шууд хүргээд өгөх таксины жолооч байх уу. Энэ бол асуудал. Ер нь дэлхийн улс орны 75 хувь нь хаягжилтын хувьд асуудалтай байдаг бол 25 хувь нь нийтлэг бус, алдаатай хаягжилтын системтэй байдаг байна.  Энэ нь улс орны эдийн засагт олон тэрбум төгрөгний алдагдал учруулдаг байна. Тэгэхээр нийтээрээ what3words –г ашиглавал хүн бүр, газар бүр хялбархан хаягтай болно.  Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан цаг алдалгүй хүргэхэд нэн тустай.

-Манай компаниудын идэвх санаачилга ямархуу байна?

-Хэдийгээр шинээр нэвтэрч буй технологи хэдий ч манай бизнес эрхлэгчид их идэвхи, санаачилгатай, сайшалтайгаар хүлээн авч байна. Учир нь 3 үгт хаягийг ашигласнаараа хүргэлт, тээврийн зардал мөн хамгийн чухал нь цаг хугацаа хэмнэж чадаж байгаа учраас эргээд олон давуу талыг авчирч  байна.“Монгол шуудан” ХК бол улсын хэмжээнд түгээлт хийдэг. 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байна.“Пицца хат” хамгийн  анх 3 үгт хаягаар пицца хүргэж эхэлсэн.Бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд одоо бас хамтран ажиллаж эхэлж байна. Уг нь болдогсон бол бид гэр хорооллоор яваад айл болгоны үүдэнд зогсож апп-аараа 3 үгийг татаж аваад хашаа бүр дээр наагаад явчихмаар байна. Даанч 180 мянган айлаар явна гэдэг хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацааны асуудал их байгаа учраас өнөөдөр үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад хүргээд хамтарч ажиллаад туршаад явж байна. 2-3 жилийн дараа нийтээрээ хэвшсэн байдлаар нэвтрүүлээд ашиглаад явах боломж бий.

-Зардал мөнгөний тухайд...?

-what3words-ийн тухайд технологийг энгийн хэрэглэгчид апп дээр үнэгүй татан ашиглах боломжтой. Хүссэн хэрэгчлэгч бүр апп-аа татаж аваад үнэ төлбөргүй хэрэглэх боломжтойгоос гадна мөн интернетгүй орчинд ажилладаг тул хот хөдөө хаана ч хэрэглэх боломжтой. Бизнесийн байгууллагын хувьд ашиглалтын хэлбэрээс хамааран төлбөртэй, төлбөргүй гэсэн 2 төрөлтэй байгаа.

what3words.com

-Баярлалаа.