Д.Батсайхан: Хотын гудамжид шилжүүлэн суулгаж буй том модод 500-600 жилийн настай

2017-06-09 08:50:46

Зуны эхэн cap гарав уу үгүй юу нийслэлийн гудамж, талбай том том модоор өнгө нэмжээ. Энэ жилийн хувьд нийслэл хотод 5-6 метр урт модыг суулгаж байгаа нь ногоон байгууламжийн ажлын шинэлэг технологийг нэвтрүүлж буй зоримог алхам болсон. Энэ талаар “Тод газар"ХХК-ийн захирал Д.Батсайхантай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл энэ зуныг мөнх ногоон моддоор угтаж байна. Улаанбаатар хотод том мод шилжүүлэн суулгаж буй ажлын явц ямар байна вэ?

-Бид Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх талбай буюу Энхтайваны өргөн чөлөөнд нийтдээ 1,750 ширхэг том мод шилжүүлэн суулгаж дууслаа. Мод суулгах ажлаа шөнийн цагаар автомашины ачаалал буурсан үед хийж байгаа. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын удирдлагууд зоригтой алхам хийж, том мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжин ажиллалаа. Үүнийг иргэд янз бүрээр л хүлээж авч байна.

Шилмүүст модыг авах журам бий. Өндөр хүчдэлийн дагуу ургасан, уурхайн эдэлбэрт орсон газар, арчилгааны огтлол зайлшгүй хийгдэх талбайгаас жилд 300 мянган га газрын арчилгааны огтлол хийх ёстой. Учир нь хэт шигүү ургасан модод түймэрт өртөх эрсдэл их байдаг, ургалт нь ч удааширдаг учраас огтолж, хооронд нь 4-5 метрийн зайтай болгож сийрүүлдэг юм. Том мод шилжүүлэн суулгах ажил ерөнхийдөө дууссан. Одоо зөвхөн арчилгааны асуудалд анхаарлаа хандуулж байна.

-Том модыг шилжүүлэн суулгаж, гурван жилийн турш арчлах үүрэг хүлээсэн гэсэн. Энэ хугацаанд та бүхэн хэрхэн яаж арчлах вэ?

-Мэдээж модыг услахаас гадна бордох, тулгуурыг хөдөлгөөнгүй хэвээр нь байлгаж үндсийг бэхжүүлэх, түргэн үндэслэгч, хортон шавж устгагч цацах зэрэг арчилгааг хийнэ. Энэ бүхнийг хотын иргэд төдийлөн мэдэхгүй байх л даа. Эдгээр ажлыг бид ихэвчлэн шөнийн цагаар хийдэг. Модны арчилгаа бол ерөөсөө дэнлүүний зарчимтай адилхан. Дэнлүүний тос дуусвал унтарна. Модны үндэсний системүүд ажиллаад орой нь нахиа хүртлээ усаа татаж чадахгүй бол үхдэг. Манайхан модыг таван жил өөрийнхөө шүүсээр амьдардаг гэж ярьдаг. Мэдээж өөрт нь тодорхой хэмжээний шүүс бий.

Гэхдээ ямар ч модыг арчлахгүй бол таван жил байтугай гурав, нэг ч жил амьдарч чадахгүй. Зургаан cap л амьдарч чадна.

Тэгэхээр бид энэ суулгасан моддоо Улаанбаатар хотынх болгон нутагшуулахын төлөө тэмцэж ажиллана. Бусад хотхонууд бүгд л жигд том ногоон модтой хэвээрээ байгаад байхад бүхэл бүтэн хотын гудамж талбайн модыг байнга арчлаад ургуулж яагаад болохгүй гэж.

Шилмүүст мод нь хамгийн эмзэг мод. Нарс яг хүн шиг. Саяхан тарьсан моддын үзүур нь жаахан шарласан чинь “үхэж байна” гэж иргэд их шуугилаа. Гэвч үзүүр нь шарласан стресст орж байгаа юм. Энэ үед арчилгаагаа тохируулах хэрэгтэй. Хамгийн гол нь тулгуур моднуудыг ерөөсөө хугалж болдоггүй. Тулгуур мод, бордоо хоёр хамгийн чухал. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс асар их бохирдсон учраас хөрсний бохирдлыг бууруулах бодис мөн цацаж байна.

-Гурван жил гэдэг том модны арчилгаанд хэр тохиромжтой хугацаа вэ?

-Арчилгааны гурван жилийн баталгааг манай хамт олон туршлага дээрээ үндэслэн хэлсэн л дээ. Анх бид том мод шилжүүлэн суулгах технологийг оруулж ирэхэд Монголд ерөөсөө хоёр настай модыг л шилжүүлж суулгадаг байсан. Тухайн үед бид энэ технологийг нэвтрүүлж байхдаа зургаан cap, нэг жил, хоёр жилийн баталгаа өгч, арчилж ирсэн. Энэ бол бидний туршлага. Туршлагаасаа үндэслээд бид гурван жилийн баталгааг өгч, өөрсдөө энэ хугацаандаа арчлах үүргийг гэрээгээр хүлээсэн.

-Иргэд “Зүв зүгээр ууланд ургаж байсан модыг хотод авч ирж булшлах нь, том мод хотод ургахгүй” гэх мэтээр та бүхний  ажлыг олон өнцгөөр хүлээн авч байгаа л даа?

-Иргэдэд маш хялбараар ойлгуулахад огтлогдох гэж буй модыг л бид амжиж авч Улаанбаатар хотод шилжүүлэн суулгаж, ногоон байгууламжийн ажлаа хийж байгаа Заавал огтлох шаардлагатай болсон моддыг хөрөөдөөд түлшинд хэрэглэх биш нийслэлд шилжүүлэн суулгаж, амьдруулах гэж авч ирж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Тийм талбай Дорнод, Хэнтий гэх зэрэг ой мод бүхий аймгуудад байдаг.

1980-аад оны үед тарилт хийсэн талбайгаас 30-аад настай буюу шилжүүлэн суулгахад яг тохиромжтой насны моддыг суулгаж байна. Одоо 30 настай гэж бодохоор 500-600 жил насалж, одоо 4-6 метр байгаа бол ургалт нь гүйцээд ирэхээр 17-15 метр болно.

Дэлхийн бүх хот нарс тарьдаг Нарс нь тарихад хамгийн тохиромжтой модоор шалгарсан байдаг. Яагаад гэвэл нарс мод нь агаарын бохирдлыг бууруулах бодис агуулж, хамгийн урт хугацаагаар хүчилтөрөгч ялгаруулдаг. Хотод яагаад хэрэгтэй вэ гэхээр хамгийн чухал нь шилмүүст модноос хог гардаггүй. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, хотын өнгө үзэмжийг сайхан харагдуулдаг зэрэг олон давуу талтай.

-Арчилгааны огтлолд жилд 300 мянган га газар хамрагддаг гэж та хэллээ. Хэчнээн мод тайрагддаг гэсэн үг вэ?

-Жилд 300 мянган га газрын арчилгааны огтлол хийж буй талбайн бүх модыг хэрвээ чаддаг бол бүгдийг нь Улаанбаатар хотод авч ирээд тарих юмсан. Улаанбаатар хот шиг агаарын бохирдол ихтэй газар их хэмжээгээр шилмүүст мод таривал агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна.

Энэ судалгааг эрдэмтэн судлаачид тогтоогоод гаргасан байгаа. Нэг га газарт дунджаар 3,000 мод бий. Тэгэхээр энэ модыг жил бүр хотод оруулж ирж тарих хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгаж буй энэ ажил шинэ зүйл биш ээ. 10 гаруй жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн ажил.

-Шилмүүст модыг 10 жилийн өмнө хаана шилжүүлэн суулгасан юм бол оо. Одоо ургалт нь хэр байгаа вэ?

-"Сөүл” групп, “Хурд”, “Асем Вилла” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн том модыг манай компани шилжүүлэн суулгасан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моддын амьдрал 99 хувийн амжилттай гэж бидний хийсэн ажлыг дүгнэсэн байна лээ. Уг нь бол цаг хугацааны хувьд дэлхийд байхгүй технологи юм шүү дээ. Бид техник технологи, IT хөгжлөө гэж яриад байгаа мөртөө хэзээ ч 30 жилийг хэмнэж чаддаггүй л байхгүй юу. Мод тарих гэхээр тэмцээд уулын модыг энд авч ирж булшиллаа гэх зэрэг зүйл ярьж байгаа хүмүүст би их гомддог.

Эдгээр модыг ургуулаад, нутагшуулчих юм бол ирээдүйд биднээс хойш 5-6 үед хэрэгтэйгээс гадна 500 гаруй жил Улаанбаатар хотын төв гудамж талбайд байх юм шүү дээ. Зөвхөн хотод төдийгүй аймгийн төвд том мод суулгах ажлыг бид хийж байсан. Баянхонгор аймаг цөлжилтийн гол бүс болоод байгаа шүү дээ. Тиймээс Баянхонгор аймгийн төвд 100 ширхэг нарсыг одоогоос зургаан жилийн өмнө тарьсан.

Хэнтий аймгийн Биндэр сумаас Баянхонгор аймгийн төв хүртэл 1,000 гаруй км замд тээвэрлэн суулгасан модод одоо ч ургасаар байгаа. “Эрдэнэтийн ГОК”-ийн урилгаар Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн гаднах тохижилтыг хийгээд хүлээлгэж өгөөд хоёр жил болж байна. Бүгд 100 хувийн ургалттай байгаа.

-Танай компани хамгийн анх том модыг шилжүүлэн суулгах технологийг Улаанбаатарт оруулж ирсэн гэж байна. Энэ туршлагыг хаанаас судалж оруулж ирсэн бэ?

-Компаниа байгуулаад 10 гаруй жил болж байна. Том мод шилжүүлэн суулгах ажлыг олон газарт хийсэн. Нарс ч гэлтгүй бүх модыг шилжүүлэн суулгаж болдог. Улиасыг ч шилжүүлэн суулгах ажлыг бид хийдэг. 70 гаруй ажилтантайгаар энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Бүгд л олон жилийн турш энэ ажлыг хийсэн мэргэшсэн хүмүүс бий. Том мод шилжүүлэн суулгах ажлыг дэлхийн стандартын дагуу хийж байгаа.

Манай компанид хамтран ажилладаг залуустайгаа 10 гаруй жилийн өмнө Солонгост ажиллаж байгаад ирсэн. Бид бүхэн Солонгост олон жил ногоон байгууламжийн ажил хийсэн. Тухайлбал, 2002 оны бүтээн байгуулалтын үеэр гурван цэнгэлдэх хүрээлэн, 25 метроны буудал зэргийг тохижуулсан байдаг. Та бүхэн Солонгос улсын ногоон байгууламжийг мэдэж байгаа байх. Бидний мөрөөдөл хотоо ийм болгох юмсан л гэж бодож явсаар одоо энэ ажлыг хийгээд явж байна даа.

-Хотын ногоон байгууламжтай байх эсэх иргэдийн экологийн боловсролоос багагүй шалтгаалах юм шиг санагддаг. Та бүхний ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа биз дээ?

-Уулын мод авч ирж булшиллаа гэх яриаг би сонссон. Ер нь дэлхий дээр байгаа бүх л ногоон зүйл бидний төлөө ургадаг. Бидэнд хүчилтөрөгч, хүнс болно. Монголчууд асар их баялагтай оронд амьдарч байгаагаа мэддэг. Ой бол уул уурхай биш нөхөн сэргээгддэг баялаг. Бид энэ баялгаа хөрөөдөөд, түлээд дуусахаас нь өмнө тэр уурхайн талбайгаас нь амжаад авч ирээд суулгалаа.

Хятад улс 2005-2006 онд том модыг шилжүүлэн суулгаснаар 2008 оны Олимпыг ямар гоё ногоон байгууламжтай угтав. Одоо хүн болгон очиж үзсэн Эрээн хотыг харвал ямар гоё ногоон байгууламжтай билээ. Тэр бүх модыг шилжүүлэн суулгасан байдаг. Замын-Үүдээс Эрээн хот руу ороход ямар байна. Бид хамгийн наад захын зүйлтэйгээ л жишээд үзэх хэрэгтэй. Тиймээс Улаанбаатарын иргэд энэхүү ногоон байгууламжийг өөрсдийнх нь төлөө, үр хойчийнх нь төлөө хийж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Мод тарих нь агаарын бохирдлыг бууруулдаг дэлхийн нийтийн хамгийн тод жишиг болсон. Гэтэл бид агаарын бохирдол дээд цэгтээ гамшгийн хэмжээнд хүрлээ л гэх юм. Үүнийг бууруулах зүйл хийж байна гэдэг талаас нь хараад бидний ажлыг ойлгож дэмжээсэй. Гэхдээ сүүлийн үед иргэдийн экологийн боловсрол дээшилж байна. Бидний хийж байгаа ажлыг дэмжээд ус барьж ирээд хамт суулгалцаад урмын үг хэлээд явдаг хүн цөөнгүй бий шүү.

Ажлаа хийгээд зогсож байхад баярлалаа гэж хэлэх хүн ч бий. Мод таривал нэг насны буян гэж монголчууд ярьдаг. Улаанбаатар хотод энэ ногоон байгууламжийг хийхгүй байхын аргагүй. Тиймээс үр хойчийнхоо төлөө алсыг харж гаргасан хотын удирдлагууд болон хийж гүйцэтгэж буй бидний ажлыг дэмжээсэй гэж хүсэж байна.

Э.Мөнхзаяа