Налайх дүүрэг БНСУ-ын Нунсан хоттой ах дүүгийн харилцаа тогтоолоо

2017-05-25 11:47:11

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНСУ-ын Нунсан хотын дарга Нуан Мён Сонтой уулзлаа. Тус хот нь хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүрэгтэй ах дүүгийн харилцаа тогтоожээ.

Хотын даргын орлогч П.Баярхүү Нунсан хотын дарга Нуан Мён Соныг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Налайх дүүрэг бол Улаанбаатар хотод стратегийн хувьд чухал дүүрэг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Налайх дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөж байна. Нунсан хот бол жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараараа Солонгост тэргүүлдэг. Тиймээс Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд та бүхний итгэл, сэтгэл чухал гэж бодож байна. Гол нь энэхүү паркийн технологи БНСУ-ынх байгаасай гэж бид хүсч байгаа.” гэлээ.

Нунсан хотын дарга Нуан Мён Сон талархал илэрхийлээд “Манай хотод олон томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компаниуд Ази, Европ руу үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа. Тэгэхээр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк энэ боломжийг олгоно гэж харж байна. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжинө гэдэгт найдаж байна.” хэмээв. Үүнээс гадна Налайх дүүрэг Шанхай-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн ачаа тээврийн том корипор болж байна. Цаашид худалдааны томоохон зам болно. Тиймээс Налайх дүүрэг бол Улаанбаатар хотын хөгжилд томоохон ахиц авчрах дүүрэг гэдгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.