Мияконожо хотын ИТХ-ын даргатай уулзлаа

2017-05-23 15:45:34

НИТХ-ын дарга Ц.Сандуй Япон улсын Мияконожо хотын ИТХ-ын дарга Минорү Арагамийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нөгөө талаас Мияконожо хотын дарга Икэда Такахиса,  Гадаад харилцааны газрын дарга  Тацүми Моришигэ болон бусад албаныхан байлцав.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хоёр хот хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод 18 жил болж байна. Өнөөдөр манай улс Японы 13 хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай байгаа. Эдгээр хотоос хамгийн анх Мияконожо хоттой хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Манай 2 хотын хооронд  сурагч солилцооны хөтөлбөрийг маш идэвхтэй хэрэгжүүлдэг. Мөн соёл, урлагийг дэмжиж хамтран ажилладаг” хэмээн онцолсон юм. Минорү Арагами “Хоёр хот газарзүйн нөхцөлийн хувьд маш ижилхэн. 4 талаараа уулаар хүрээлэгдсэн, нам дор газар байрладаг. Улаанбаатар хот хүн амын төвлөрөл ихтэй маш том хот юм байна. 2 хотын хоорондын харилцааг цаашид улам өргөжүүлэхийн тулд  ямар салбарт илүү анхаарах вэ гэдэг талаар ярилцах гэж ирсэн. Мөн энэ удаа танай улсад айлчлан ирсэн гол зорилго маань Токиогийн олимпийн бэлтгэл ажилтай холбогдуулаад хамтын ажлын саналуудыг хэлэлцэхээр ирсэн” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.