Хан-уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн үндэсний бөхийн барилдаан амжилттай явагдлаа

2017-05-16 11:57:20

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хан-Уул дүүргийн 5-6 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдаан энэ сарын 15-нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд боллоо.  Бөхийн барилдаанд 17 цэцэрлэгийн 64 бөх хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тус барилдааны нээлтийн ажиллагаанд дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн сургалтын өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбасүрэн нар оролцлоо. 

Барилдаанд 12 дугаар   цэцэрлэгийн бөх Н.Тамир түрүүлж, 73 дугаар цэцэрлэгийн бөх Э.Чингүүн үзүүрлэлээ. Мөн 12 дугаар цэцэрлэгийн бөх С.Сэдэдрагчаа, 165 дугаар цэцэрлэгийн бөх н.Даш-Өлзий нар шөвгөрлөө. Барилдааны уран гараа дэвээтэй бөхөөр 49 дүгээр цэцэрлэгийн бөх Х.Цэнгүүнжав шалгарсан бол уран барилдаантай бөхөөр 189 дүгээр цэцэрлэгийн бөх н.Энх-Од шалгарав. Энэ барилдааны хөлийн цэцээр 189 дүгээр цэцэрлэгийн жижүүр сумын заан Ганболд, тайлбарлагчаар БТСХ-ны арга зүйч Н.Дэлгэрдалай нар ажиллав гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.