“Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөг зохион байгуулав

2017-05-14 15:56:47

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Манай улс энэ өдрийг 12 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж НИТХ-ын төлөөлөлгч, Тэргүүлэгч Д.Баярсайхан санаачлан нийслэлийн СХД-ийн 10, 11, 28-р хорооны гэр бүлийн төлөөллийг оролцуулсан “Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. “Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хүрэлцэн ирсэн гэр бүлийн төлөөллүүдэд хандан  “Та бүхэнд Дэлхийн гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн МАН 2016 оны сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Аз жаргалтай хот иргэнээс, аз жаргалтай гэр бүлээс эхэлнэ. Тиймээс бид иргэнээ дээдэлсэн, хүнээ дээдэлсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэн ажиллана гэдгийг та бүхнийхээ өмнө амлаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн гэр бүлийн төлөөллүүд болон бүх Монголынхоо нийт гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

 

Өдөрлөгийн үеэр ёсөн шилдэг гэр бүлийг шалгаруулан “Алтан ургийн үргэлжлэл” өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгож тэмдэглэн өнгрүүлэхээр болоод байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Баярсайхан “Гэр бүл үнэ цэнэтэй байх ёстой. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгож, мэдэрч бие биенээ хайлан тогтвор суурьшилтай байвал Монгол Улсын хөгжлийн үндэс болох юм. Нийт Улаанбаатарчууддаа болон Сонгинохайрхан дүүргийнхээ нийт гэр бүлүүдэд Гэр бүлийн баярын өдрийн мэндийг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв гэж НИТХ-ын Хэвлэл мэдэээллийн албанаас мэдээлэв.