Хотын дарга нар мэндчилгээ дэвшүүллээ

2017-05-04 11:46:21

“Хотын хөгжил – Шинжлэх ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хурлын зочид, хотын дарга нар мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Б.Транкман, Улаан-Үд хотын дарга А.М.Голков, ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институт “Гипрогор”-ын орлогч дарга В.М.Елистратов, Бангкок хотын Чулалонкорн их сургуулийн их сургуулийн Академич Барат Дахия нар мэндчилгээ дэвшүүлж, бага хурлын ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Улаанбаатар хоттой харилцаат хотуудын дарга нарын цахим мэндчилгээг хүргэв.

“Хотын хөгжил – Шинжлэх ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хурлын салбар хуралдааныг дараах гурван сэдвээр зохион байгуулна. Үүнд:

  1. “Хотын хөгжил - эрх зүйн орчин” салбар хуралдаанаар Монгол Улсын хотын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хотын тогтолцоо болон эрх зүйн талаар хэлэлцэнэ.
  1. “Хотын хөгжил - инноваци” салбар хуралдаанаар шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурлан хотын хөгжлийн ухаалаг шийдлүүдийг олох, мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, дэд бүтэц, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцана.
  1. “Хотын хөгжил - эдийн засаг” салбар хуралдаанаар хотын эдийн засаг, санхүүг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Мөн хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар харилцаат хотуудын туршлагаас суралцах, энэ чиглэлээр бодлого, эрх зүйн шийдлүүдийг ярилцах болно.

Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.