Г.Өлзийбаяр: Нийслэлд 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татна

2017-04-07 17:22:46

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банк хамтран өчигдөр зөвлөлдөв. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяраас хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа.

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын сайжруулах гол арга зам юу вэ?
-Хамгийн гол нь ард түмнийхээ хэрэгцээн дээр үндэслэж амьдралыг нь сайжруулах үүднээс төсөвлөх ёстой. Өнөөдрийн бидний ярьж хэлэлцэж байгаа асуудлын дунд нэ г зүйлийг онцолж байгаа нь төсвийг эрэмбэлэх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн хүсээд байгаа хамгийн чухал ажил дээр хөрөнгө оруулалтаа илүү тавьж, ажлаа дуусгах тал дээр нэлээд анхаарах ёстой юм байна.

-Энэ онд нийслэлд хэр хэмжээний хөрөнгө оруулалт татах вэ?
-Энэ оны төсөвт хөрөнгө оруулалтаар 174 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хамгийн их төсөвтэй салбар нь хот байгуулалт. Нийслэл хот өдрөөс өдөрт тэлж байдаг. Тэр хэрээр дэд бүтцийн асуудал хүндэрч байна. Тиймээс иргэдийнхээ тав тухтай амьдралыг бий болгохоор дэд бүтэцэд анхаарч байна.

Хоёрдугаарт, нийгэм рүү ихээхэн төвлөрч, ажлын байр бий болгох талд анхаарч байна. Болж өгвөл том төслүүд эхлүүлж ажлын байруудыг олноор бий болгох төлөвлөгөөтэй байна. Мөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар 31 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. 2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлдэг бодлого дэвшүүлсэн.

-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа. Хөрөнгө оруулалт татах нөхцөл хэр байгаа вэ?
-Гаднаас орж ирж байгаа санхүүжилт өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Өнгөрсөн жил 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Энэ жил 174 тэрбум болгож нэмэгдүүлээд байна. Энэ жилийн хувьд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банкны санхүүжилтээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийж байгаа. Цаашид томоохон хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Улсын болон нийслэлийн төсөв хүндрэлтай байгаа. Тиймээс гадны байгууллагын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай.

Б. Энх