Яармагийн гүүрийг 30 сая ам.доллараар барина

2017-03-31 11:43:30

Яармагийн гүүрийг барьсны дараа түр гүүрийг нураана

Туул голын бургасыг юу ч үгүй тайрч байна гэсэн мэдээлэл бүхий дүрс бичлэг өнгөрсөн өдрүүдэд сошиалаар тархсан. Энэ мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас лавлахад “Яармагийн хуучин гүүрийг засварлах бэлтгэл ажлын хүрээнд Туул голын дагуух бургасуудыг авч, Богд ууланд тарьж байна. Энэ бол хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа томоохон төсөл. Голын голдиролд нөлөөлөх зүйл байхгүй. Байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ гээд бүгдийг хийсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг төслийг хариуцан ажиллаж буй нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас зарим зүйлийг нэмж тодрууллаа.

-Яармагийн гүүрийг шинэчлэх төслийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл бэлтгэл ажилдаа ороод байна. Сошиалаар Туул голын мод, бургасыг хууль бусаар тайрч байна гэсэн ташаа мэдээлэл тархсан байна лээ. Бид технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлж, газар шорооны ажлыг хийж байгаа.

Энэ төсөл нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу баталсан Байгаль орчны ерөнхий үнэлгээ, ТЭЗҮ-тэй нийцэж буй тул буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна. Энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлага тавьсан.

-Хуучин гүүрийн дэргэд төмөр гүүр шинээр тавьсан. Хоёул эвдэрсэн учраас шинэчлэх шаардлага тулгарсан юм уу?

-1959 онд барьсан хоёр урсгалтай хуучин гүүр Улаанбаатар хотод буй 840 гаруй мянган автомашины даацыг даахаа больж, элэгдэлд орсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд түр гүүрийг дэргэд нь тавьсан. Хүнд даацын машин олноор явж байгаа учраас түр гүүрний дээд, доод хэсгээр эвдрэл үүсэж эхлээд байна. Иймд хуучин гүүрийг яаралтай сэргээн засварлах шаардлага үүссэн. Мөн Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орох гэж байгаа учраас энэ гүүрийг зайлшгүй засварлах ёстой болоод байна. Яармагийн гүүрийг барьсны дараа түр гүүрийг нураана.

-Хуучин гүүрийг хэзээ барьж дуусгах вэ. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг яаж хийх гэж байна вэ?

-Хуучин хоёр эгнээ урсгалтай гүүрийг шинэчлэхийн хажуугаар нэмээд шинээр дөрвөн урсгалтай гүүр барьснаар Яармагийн гүүр зургаан эгнээтэй болно. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл барилгын ажил үргэлжилнэ. Хөнгөлөлттэй зээлийн тухайд барьж дууссаны дараагаас эргэн төлөлтийг хийж эхлэх байх. Хөрөнгө мөнгөний талаар тодорхой мэдээлэл надад алга байна.

-ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг нь хэрхэн хийсэн бэ. Голын голдиролд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?

-Өнгөрсөн намар багана хийхээр төлөвлөсөн газар дээрх цөөн тооны бургасыг авч, Богд уул руу шилжүүлэн суулгасан юм. Энэ жилийн тухайд талбай дээр байсан хог, хожуул зэргийг цэвэрлэж, цахилгааны утас болон хашаа татах гэж байхад хэн нэгэн этгээд бичлэгийг нь аваад цахимд тавьж, бургас огтолж байна гэсэн ойлголт төрүүлж нийтэлсэн. Бургас тайрсан зүйл огт байхгүй. Байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө гээд бүх зүйл ном журмын дагуу явж байгаа.

-Голоос 50-100 метрийн зайтай байх хуулийг мөрдөж чадаж байгаа юу. Хэчнээн ам метр газарт бүтээн байгуулалт хийх вэ?

-Гурван га орчим газар дээр тоног төхөөрөмж, бүтээн байгуулалт хийх ажилчдын түр байр зэргийг байрлуулах юм. Хүмүүсийн ярьж байгаа шиг гол дээр биш, голын далангийн наад талд буюу замын хажуугаар байрлана. Энэ нь голоос 50-100 метрийн зайтай байх хуулийг баримталж байгаа.

 

Б.Бямбасүрэн