Нийслэлийн Засаг дарга С.Батболдын Европын хотуудад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

2017-03-27 17:25:08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд зарим салбарын боловсон хүчнийг дадлагажуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр туслах боломжтой гэсэн юм. Варшав хотод хийсэн айлчлалын үеэр тус хотын ундны ус цэвэршүүлэх “Линдлэй” байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Варшав хотын “Чайка” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын айлчлал Унгарын нийслэл Будапештэд үргэлжилсэн. Будапешт хотын дарга Иштван Тарлоштой уулзсанаар тус хотод хийх айлчлал эхэлсэн. Уулзалтаар хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа соёл урлагийн салбарт илүү боломж бийг хотын дарга нар тодотгож байлаа. Энэхүү уулзалтын дараа С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотын орлогч дарга Габор Багдитай уулзаж тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын улсын Гадаад хэргийн дэд сайд Сабо Ласлотай уулзав. Энэхүү уулзалтаар С.Батболд, Саба Ласло нар хоёр улсын харилцаанд гарч буй бэрхшээл, өргөжүүлэх боломж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Будапешт хотод хийсэн айлчлалын үеэр автобус угсрах Эвопро компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэр нь цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэдэг юм байна.

Хотын даргын айлчлал Германы нийслэл Берлин хотод үргэлжилсэн. Тус хотод хийсэн айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Берлиний Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэн чиглэлээр ярилцсан. Мөн Берлин мужийн Шёнефильд хотын дарга Удо Хаасэтэй уулзаж ярилцсан юм.

Будапешт хотын захирагч Иштван Тарлоштой уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын нийслэл Будапешт хотод ажлын айлчлал хийлээ. Будапештад хийсэн айлчлал тус хотын дарга Иштван Тарлоштой уулзсанаар эхэлсэн. Уулзалтаар хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа соёл урлагийн салбарт илүү боломж бийг хотын дарга нар ярилцсан. Энэхүү уулзалтын дараа С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотын орлогч дарга Габор Багдитай уулзсан. Хотын дарга нарын уулзалтаар яригдсан асуудлыг энд илүү нарийвчлан ярьсан юм. Нийтийн тээвэр, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах, зарим салбар чиглэлийн мэргэжилтнүүдээ богино хугацааны сургалтад хамруулах гээд олон асуудлаар санал бодлоо солилцсон юм.

“Улаанбаатар хот болон Будапешт хотын найрамдалт харилцаа олон жилийн түүхтэй. Харилцаа хамтын ажиллагаа маань өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид энэ харилцаа хамтын ажиллагааг улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гээд өмнө нь хэрэгжүүлэхээр ярилцаж байсан төсөл хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн ярилцах, Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын тодорхой хувийг хот төлөвлөлт, хотын ногоон байгууламж, экологи зэрэг нарийн мэргэжлээр суралцуулах хүсэлтэй байгаагаа Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр тодотгож байсан юм. Мөн Биокомбинатын шинэчлэлийн төслийг яаралтай эхлүүлэн бодит ажил болгох хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн. Габор Багди “Биокомбинатын төсөл олон жил болж байгаа. Бидний зүгээс аль болох хурдан эхлүүлэх саналтай байгаа. Удахгүй ажил эхэлнэ гэдэгт найдаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын улсын Гадаад хэргийн дэд сайд Сабо Ласлотай уулзав. Энэхүү уулзалтаар С.Батболд, Саба Ласло нар хоёр улсын харилцаанд гарч буй бэрхшээл, өргөжүүлэх боломж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Ноён Сабо Ласло “Бидний зүгээс харилцаагаа улам өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ дуусгах хүсэлтэй байгаа” хэмээж байлаа. Засаг дарга С.Батболдын зүгээс Биокомбинатын төслөөс гадна Сэлбэ голын урсацыг сайжруулах, амралт зугаалгын ногоон бүс байгуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн өдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд Будапешт хотын даргын Соёл урлаг спорт хариуцсан орлогч Алехандра Салам Бобровнискитэй уулзаж хоёр хотын соёл урлагийн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцсан. Будапешт хотноо болох олон улсын соёлын арга хэмжээнд болон ирэх наймдугаар сард болох Гар урчуудын баярт Улаанбаатар хотоос төлөөлөгчидөө оролцуулах талаар санал солилцлоо. Хоёр хотын соёл урлагийн харилцаа өргөжин хөгжих боломж их гэдгийг хатагтай Алехандра уулзалтын үеэр онцолж байлаа.

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотод ажиллах үеэрээ автобус угсрах Эвопро компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэдэг юм байна. Цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 200 км явах хүчин чадалтай аж. Мөн тус үйлдвэр автобусаа дээгүүр явах тролейбусны шугамнаас цэнэгээ авч болдог байдлаар үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Ингэснээр том оврын бус жижиг зай хураагуур тавьдаг болж цахилгаан автобусны өөрийн үнэ багассан гэнэ. Монголын хувьд тролейбусны шугамтай тул ийм загварын автобус ашиглах боломжтой гэж “Евопро” автобус угсрах үйлдвэрийн Азийн зах зээлийг хариуцсан стратегийн зөвлөх Сираки Пал ярьж байлаа.

Будапешт хотод хийсэн айлчлал амжилттай өндөрлөж, С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Германы Берлин хотыг зорьсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Берлиний Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзалт хийсэн. “Улаанбаатар болон Берлин хот уламжлалт сайхан харилцаатай. Ялангуяа зам харилцаа, байгаль орчин, хотын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ тогтсон харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чебли хэллээ. Мөн тэрбээр ирэх 7 дугаар сард Берлин хотын даргын Улаанбаатар хотод хийх айлчлалын үеэр асуудлуудаа илүү нарийвчлан ярилцахаар хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Хоёр хотын соёлын харилцааг өргөтгөх, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр мэргэжилтэн сургах, сургалт явуулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ. Мөн хот төлөвлөлт, хотын эрх зүйн чиглэлээр туслалцаа авах, туршлагаас судлах зэрэг асуудалд дэмжлэг хүсч буйгаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Берлинд хийсэн айлчлалынхаа хүрээнд Шёнефильд хотын дарга Удо Хаасэтэй уулзаж найрсаг яриа өрнүүлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.