Улаанбаатар хотын Захирагч Варшав хотод айлчилж байна

2017-03-23 13:30:23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатарт цэвэрлэх байгууламж, бохир, агаарын бохирдол, хог хаягдал гээд бэрхшээлтэй тулгамдсан асуудал бий. Айлчлалаар Европын хотуудын цэвэрлэх байгууламжийн шилдэг шийдэл, бүтээн байгуулалт, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцсан юм.

Варшав хотод хийсэн нийслэлийн Засаг дарга С.Батболдын айлчлалын гол хэсэг тус хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзсан уулзалт байлаа. Энэхүү уулзалтаар хоёр дарга харилцан туршлагаасаа ярилцан цаашид харилцаа хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэлтэй буйгаа илэрхийлцгээсэн. Мөн хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд нийтийн тээвэр зэрэг зарим салбарын төлөвлөлт дээр мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэсэн юм. Варшав хотын хувьд Улаанбаатар хоттой төстэй талууд олон бий. Хүн амын тоо ч ойролцоо учраас төлөвлөлт хийгээд туршлагаас судлах, нутагшуулах боломж их юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хатагтай Ханнатай хийсэн уулзалтынхаа үеэр “Хоёр улс олон жилийн өмнөөс дипломт харилцаатай байж олон талаар хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар болон Варшав хотын хооронд харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буйдаа баяртай байна” гээд хатагтай Ханна Гронкиэвич Валцыг тааламжтай үедээ Улаанбаатар хотод айлчлахыг урилаа. Варшав хотын Захирагч урилгыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд “Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжүүлж, өөрсдийн туршлагаа хуваалцахад таатай байх болно” хэмээсэн юм.

Хатагтай Ханна Гронкиевич Валц хуульч мэргэжилтэй, доктор профессор хүн юм байна. Тэрбээр 1992-2000 он хүртэл Польшийн Үндэсний банкны ерөнхийлөгчөөр ажилласан байна. Энэ хугацаандаа Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлж, банкны системийг эмх журамтай болгож, Польшийн мөнгөн тэмдэгтийн үнэлгээ, хөрвөх чадварыг сайжруулсан аж. Хатагтай Ханна 2001-2005  онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна. 2006 оноос Польшийн Иргэний индэр намын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд мөн оныхоо 11 сараас Варшав хотын захирагчаар ажиллах болсон байна.

Варшав хотын ус цэвэрлэх “Линдлэй” байгууламж нь 130 жилийн өмнө байгуулагдсан аж. Байгуулагдсанаас хойш 4 удаа техник технологийн шинэчлэл өргөтгөл хийгдсэн байна. Висла мөрний хөрсний гүний усыг татаж цэвэршүүлдэг уг газар доорх байгууламж нь 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан ч технологийн хувьд өмнөх нь орчин үеийнхтэйгээ бараг ижил тул шинэчлэл өргөтгөл хийхэд хүндрэл учирдаггүй талаар “Линдлэй” ус цэвэрлэх байгууламж Төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Василевски ярьж байлаа. Тус байгууламжийн ус дамжуулан түгээж байгаа шугам сүлжээний урт ойролцоогоор Монгол Улсын хилийн шугамын нийт урттай тэнцүү хэмээн ойлгож болох аж. Тэгэхлээр ямархуу том байгууламж гэдэг нь тодорхой болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын Варшав хотод хийж буй айлчлалын дараагийн очих газар нь “Чайка” цэвэрлэх байгууламж байв. Энэхүү цэвэрлэх байгууламжийг барьж байгуулахад олон бэрхшээлтэй учирч байснаа Варшав хотын Дэд бүтцийн асуудал эрхэлсэн газрын дарга Лешек Дрогош ярьж байлаа. Анх 1992 онд хотынхоо мастер төлөвлөгөөг баталсан аж. Ингэхдээ 5 сая хүн хэмээн тооцож хийсэн бол өдгөө тус хотод 2 сая гаран хүн амьдарч байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г франц мэргэжилтнүүдээр хийлгэж, уг төслийг Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн аж. Төслөө хэрэгжүүлэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулдаг юм байна. Хэдий 1999 онд ИТХ-аараа батлуулсан ч санхүүгийн асуудлаа 5 жилийн дараа шийдэн 2004-2012 онд барьж байгуулсан аж. Өмнө нь бохир усаа цэвэрлэлгүйгээр гол руугаа урсгадаг 2 улсын нэг нь Польш байсан бол өдгөө энэ асуудлаа шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байдаг талаар Лешек Дрогош хэлж байсан юм. Хэдий хотын хогоо хаягдлын асуудлаа шийдвэрлэж, нийтийн тээвэрт цахилгаан трамвайг ашиглаж байгаа ч дэд бүтцийн асуудлаа иж бүрнээр нь шийдэж чадаагүй гэдгээ тэрбээр ярьж байсан. Мөн агаарын бохирдлын асуудал ч байсаар байгааг хэлж байв. 

Висла мөрний баруун талыг цэвэрлэдэг байгууламж байсан. 1991 онд хуучин байгууламж дээрээ суурилан шинэчилж орчин үеийн цэвэрлэх байгууламж байгуулах шийдвэрийг Хотын дарга нь гаргаж байсан аж. 2010 он гэхэд Висла мөрнийхөө хоёр эргээс бохирыг авч цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж дуусган, 2012 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн аж. Варшавын бохирын асуудлаа шийдсэн нэг зүйл нь шинээр баригдаж ашиглалтад орж буй барилгуудын цэвэрлэх байгууламж руу явах шугамд шүүлтүүр суурилуулж өгдөг болсон байна. Харин хуучны барилга байгууламжийн бохир шууд цэвэрлэх байгууламж руугаа ирдэг байна. Цэвэрлэх байгууламж цагт 25 мянган куб метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Хотоос гарч буй бүх хог хаягдлыг хүлээн авч цэвэрлэдэг юм байна. Гэхдээ үйлдвэрүүд эхний шатны цэвэрлэгээг өөрөө хийсний дараа төв цэвэрлэх байгууламж руу явуулдаг аж. Бороо цасны усыг шүүлтүүрээр оруулсны дараа Висла мөрөн рүү урсгадаг байна. Цэвэрлэх байгууламжид ирдэг хог хаягдлыг шатаах зуухтай бөгөөд 120 сая еврогийн өртөгөөр бий болсон аж. “Энд 130 мянган тонн хог хаягдал шатааснаас 10 хувь гүйцэт шатдаггүй хог хаягдал, 3 хувь нь аюултай хог хаягдал гэж үздэг. Үлдэгдэл хог хаягдлыг хадгалах тусгай агуулахтай” хэмээн “Чайка” цэвэрлэх байгууламжийн удирдлагууд хэлж байлаа.

Польш улс Европын холбоонд нэгдэн орсноор Варшав хотын дэд бүтэц болон сургууль эмнэлэг гээд нийгмийн салбарын олон асуудлаа шийдэх санхүүгийн дэмжлэгийг авч чадсан байна. Хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт зэргээр нийт 3.5 тэрбум еврогийн санхүүжилтийг Европын холбооноос авсан аж. Үүний хүрээнд олон тулгамдсан асуудлаа шийдэж, евро стандартад нийцсэн хот болж чаджээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын Европын хотуудад хийх айлчлалын эхний өртөө Варшав хот байв. Уг хотод хийсэн айлчлалаа амжилттай дуусгасан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод хүрэлцэн ирлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.