Багахангайн махны үйлдвэрийг ашиглалтад оруулж, эмнэлгийн барилгыг шинээр барихаар боллоо

2017-03-23 12:46:52

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Багахангай дүүрэгт ажиллалаа. Багахангайн   хувьд хотын алслагдмал дүүргийн нэг  бөгөөд өнөөдрийн байдлаар 4320 гаруй оршин суугчтай. Ажилгүйдлийн тоогоор  дүүргүүдээс нэлээд дээгүүрт жагсдаг  аж.   Хэдийгээр тоон үзүүлэлт ийм байдаг  ч дүүргийн  иргэдийн хувьд хийж бүтээх ихээхэн эрмэлзлэлтэй нь харагдаж байлаа. Сүүлийн жилүүдэд иргэд нөөц бололцоогоо ашиглан хувиараа бизнес эрхэлж өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаагаа  Хотын даргад уламжилсан. 

Хэдэн жилийн өмнө Багахангайн   мах боловсруулах үйлдвэр  дүүргийн иргэдийг ажлын байраар хангаж байсан бол өнөөдрийн хувьд үйлдвэрлэл бүрэн зогсоод байгаа аж. Мөн эмнэлгийн барилга нь цууралт өгч өнөө маргаашгүй нурах болсон тухай эмнэлгийн удирдлагууд Хотын даргад танилцуулсан.  Иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагаас олон хүн хот бараадаж эмнэлгийн үүд сахих болсон байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг Хотын даргаас хүссэн юм. Багахангай дүүргийн нөхцөл байдлын талаар Хотын дарга С.Батболд дараах мэдээллийг өглөө. “Алслагдсан дүүрэгт жаргал, зовлонгийн аль аль нь бий. Би өнгөрсөн долоодугаар сард Хотын даргаар томилогдсноос хойш анх удаа Багахангай дүүрэгт ажиллаж байна.  Томилогдсоныхоо дараа “ Аз жаргалтай хот”  мөрийн хөтөлбөрөө  батлууллаа.  Монгол Улсын нийт хүн амын ихэнх нь хотод оршин сууж байна.  Хотын энэ их ачааллаас хамгийн түрүүнд хуваалцах дүүргийн нэг бол Багахангай дүүрэг гэж харж байгаа.  Хотын төвлөрлийг яаж багас­гах вэ, алслагдсан дүүрэгт иргэдээ хэрхэн суурьшуулах вэ гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байна. Тиймээс эхний ээлжид төвлөрлийг задлах асуудлыг ярилцаж байна. Ингэхийн тулд алслагдсан дүүрэгт ажлын байр, худалдаа үйлчилгээ бий болгох, хувийн аж ахуй, компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарна.  Багахангай дүүргийн хувьд автозамын зангилаан дээр байгаа нь давуу талтай. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар болон УИХ-д  хуулийн төсөл өргөн барьсан. Энэхүү хуулийн төслөөр алслагдсан дүүргүүдэд иргэдийн амьдрах орчинг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, эрх зүйн зохицуулалт хийсэн. Хэрвээ энэ зохицуулалтыг хуулиар баталж чадвал төмөр зам дагасан бүсүүдэд төвлөрлийг сааруулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд байрлах боломжтой. Хоёрдугаарт, 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэчлэлийн жил болгосон. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн статусыг дээшлүүлнэ гэсэн үг. Үүнд, нийслэлийн иргэн гэж хэн байх болон сум, дүүргийн үйл ажиллагааны  чиглэлийг зааж тусгах юм. Бүх зүйлийг хот дээр шийдэх биш, тухайн дүүргийн эрх хэмжээнд ямар, ямар асуудлыг шийдвэрлэх боломжтойг хэлэлцэнэ. Мөн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, авлига хээл хахуулийн асуудалд хатуу байр суурь баримтлан ажиллана. Төрийн албан хаагчид ажлаа хийсэн шиг хийж, ажилласан шиг ажиллах ёстой” гэлээ. 

Монгол Улсад хэрэгтэй хэд, хэдэн үйлдвэр байна

Хотын дарга тус дүүрэгт ажиллах үеэрээ “Алтан оршихуй групп”-ийн үйл ажиллагаатай танилцаад ихэд  олзуурхсан юм. Учир нь, тус компани Монголд анх удаа хог хаягдлыг дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэдэг аж. Хотын хэмжээнд нэг ч ийм үйлдвэр байхгүй, харин Багахангайд  байгаа нь талархууштай байгааг онцлон хэлж байлаа. Тус үйлдвэр нь хотоос 85 км-ийн зайтай,  Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай автозам болон төмөр зам дайран өнгөрөх дэд бүтцийн таатай байрлалд байдаг аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Ахуй мандал” компани нь байгальд аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний үйлдвэрийн технологийг  эх орондоо амжилттай нутагшуулснаар техникийн хаягдал ашигласан тосыг дахин боловсруулж,  эцсийн бүтээгдэхүүн болох евро-4 стандартын шаардлага хангасан импортыг орлох бүтээгдэхүүн “Монгол эко түлш” дизель түлшийг үйлдвэрлэж Монгол брэнд болгоод байгаа нь энэ юм.  Тэд өнгөрсөн хугацаанд  нийт дөрвөн сая литр байгальд аюултай хог хаягдлыг устгаж 280 сая ам.метр газар нутаг, дөрвөн тэрбум тонн цэвэр ус бохирдохоос хамгаалж, Багахангай дүүрэгт 100 гаруй ажлын байрыг бий болгосон байна. Энэ үйлдвэрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүрэн дэмжиж ажиллахаа Хотын дарга амлалаа. Үүний дараа Багахангай дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус дүүргийн эмнэлэг ердөө 10 ортой, барилгын цууралт үүсч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ирэх онд 40 ортой, эрүүл мэндийн найман үйлчилгээ, тусламж авах боломж бүхий шинэ эмнэлэг барьж өгөхөөр болсон юм.  Энэ жил  эмнэлгийн барилгын ажилд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн ч нийт  төсөв гурван тэрбум төгрөг  аж.

Эмнэлгийн барилга барих тендерт 40 компани оролцох санал ирүүлснээс 13 компани шалгарсан гээд, энэ жил төсөв санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч нийслэл өөрөө төсвөө бүрдүүлдэг учраас хэд хэдэн ажлыг зоригтойгоор эхлүүлэхээр болсон гэж Хотын дарга онцлов. Тодруулбал,  хөдөө аж ахуйн агро паркийн төсөл, аюултай бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх ,хадгалах, тээвэр ложестикийн төв байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлэхээр болжээ. Багахангай дүүргийн хувьд  I хорооны дулааны шугамыг шинэчлэх, 129 айл өрхийн орон сууцны асуудал, гал унтраах барилгын ажлын гүйцэтгэлийн ажил багтаж байна.  Мөн улсын төсвийн хөрөнгөөр Багахангай дүүргийн хороодын автозамыг шинэчлэх ажил, Боловсролын хэлтэс шинээр байгуулсан  талаар ч дурдагдав.  Хамгийн гол ажил бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж тэдэнд итгэл хүлээлгэж чадвал алслагдсан дүүргүүдэд хөгжил ойрхон байгааг хэлж байлаа. Ялангуяа Богдхан төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Багахангай дүүргийн хувьд бүх зүйл хөгжлийн гарцаар замнах юм. Мөн дүүргийн брэнд болсон Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол зөвхөн тус дүүргийнхэн гэлтгүй хотын бүх иргэд чанартай, аюулгүй хүнсээр хангагдах боломжтой. Энэ талаар Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэр зогсоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн даргаар н.Энхбаатарыг томилсон.  Үйлдвэр яагаад зогссон талаар мэдээллийг  удахгүй хүргүүлэх байх. Надад байгаа мэдээллээр “Улаанбаатар” банкинд энэ үйлдвэр 600 сая төгрөгийн өртэй юм билээ. “Улаанбаатар” банкнаас надад зургаан сарын өмнө албан бичиг ирүүлсэн. Тэр албан бичигт дурдснаар,  “Багахангайн мах боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ, хэрвээ ашиглалтад орохгүй бол өр төлбөрийг нь барагдуулж өгөөч” гэсэн. Энэ асуудлыг бид хамтарч шийдвэрлэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орвол нийслэл хотын иргэдийн махны хэрэглээний асуудал шийдэгдэхээс гадна эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломж гарна. Өнөөдөр малын гоц халдварт өвчин ар араасаа гарч байгаа энэ үед нэр хаяг нь тодорхойгүй мах хэрэглэсээр байх уу. Энэ мэтчилэн энгийн иргэдийн амьжиргаатай холбоотой асуудалд Хотын дарга би хяналт тавьж ажиллана” гэв.