Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2017-02-24 14:37:24

 2017 оны 02 сарын 24-ний өдөр                                    Дугаар А/104                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс

урьдчилан сэргийлэх ажлыг

эрчимжүүлэх тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1,  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 6.4.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий, цэцэг, бог малын мялзан төст өвчний нян зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл дэх Мал эмнэлгийн хяналтын  цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт шинжилгээ болон хяналт шалгалт хийх ажлыг 24 цагаар зохион байгуулж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т болон Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарт тус тус даалгасугай.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хяналт шалгалт явуулах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

        З.Мал, амьтны гоц халдварт өвчин оношлогдсон орон нутаг, түүгээр дамжин явж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн  хэрэгслийг бүрэн хориглох арга хэмжээ авч, гарал үүслийн бичгийг үндэслэн эрүүл бүсээс хяналтын постоор нэвтрүүлэхийг Багануур, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      4.Малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хаврын морин уралдаантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэхийг хориглох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Замын Цагдаагийн алба /Д.Дашдорж/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

         5.Малын гоц халдварт цэцэг, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т даалгасугай.

 

       6.Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 17,070,400 /арван долоон сая далан мянга дөрвөн зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

          

         7.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                      ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД