“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт эхэллээ

2017-02-20 11:17:15

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

 
11:45 өнөөдөр

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индрагиййн илтгэлээс

Тэрээр нийслэлийн авто замын дийлэнх нь ихээхэн хуучирсан гэв. 134 сая ам.долларын төсөвт өртөг бүхий ажлуудыг энэ салбарт хийх юм байна. Тус газар авто замын тэмдэг, тэмдэглэгээнд мөн хяналт тавьдаг аж.

11:39 өнөөдөр

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа илтгэл тавилаа. Тэрээр бүх тендерийг цахим хэлбэрээр явуулна гэв. Ингэснээр худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан гарахгүй гэж үзэж байна. Тус газарт 31 тендер зарлах эрхийг шилжүүлжээ. Ирэх сараас эхлэн эхний тендерийг зарлаж эхлэх юм байна.

Худалдан авах ажиллагаанд оролцохдоо юуны өмнө төлөвлөгөөтэй сайн танилцахыг зөвлөв. Тендерт оролцогчид  ямар нийтлэг алдааг гаргадгийг ч танилцууллаа. Жишээ нь цахимаар үнийн санал ирүүлэхдээ цаасаар хэвлэн илгээснээс өөр үнэ илгээдэг байна. Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлттэй бүх ААН танилцах эрхтэй. Тендерт шалгараагүй компаниуд энэ дүгнэлтээс ямар алдаа гаргаснаа харж болох юм байна.

11:29 өнөөдөр

“Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт” сэдвээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд илтгэл тавив.

Энэ ажлыг 2018 онд дуусгахаар төлөвлөжээ.     

Сэлбэ дэд төвийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Сэлбэ голын дагуу байгуулна. Үерийн хамгаалт, далан, сувагжуулалт хийнэ. Мөн 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина. Энд үйл ажиллагаа явуулах ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх саналыг ч боловсруулсан байна.    

Дэд бүтцээ барьсны дараа хэрхэн орон сууцжуулах вэ гэдэг асуудал бий. Төлбөрийн чадвартай нийтийн орон сууц барих шаардлагатай. Эхний ээлжинд 10 мянган байр ашиглалтад оруулна. Үүний 15 хувийг түрээсийн орон сууц болгон ашиглана. Судалгаагаар иргэдийн төлбөрийн чадвар ихээхэн сул байгаа нь харагдсан.  

Одоо бид жишиг төсөл боловсруулж байна. Энэ онд дуусгана. Энэ жишгийн дагуу орон сууцжуулах ажлаа эхэлнэ гэв.

11:16 өнөөдөр

Нийслэлд нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг. Хотын дарга С.Батболд чуулганыг нээн үг хэлэхдээ энэ тоог онцлов.
Энэ онд  хийх бусад ажлууд

  • Хот баруун, зүүн хэсэгт ложистиийн төв байгуулна.
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг АХБ-ны тусламжтайгаар хавраас зорчуулна.        
  • Сургууль, цэцэрлэг шинээр барина.
  • 8000 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгааг ирэх хичээлийн жилээс зогсооно.
  • Агаарын бохирлыг бууруулахын тулд нэг хүнд ноглох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
  • Хот санхүүгийн хувьд бие даасан статустай болно.
  • Концессын гэрээгээр олон ажл хийсэн ч зарим нь үнэхээр хэрэгтэй төсөл байв уу гэвэл эргэлзээтэй. Гэхдээ хот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.  
  • Засаг даргын дэргэд хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулан ажиллаж байна.   
  • Газар эзэмших эрхийг 15 жил болгон сунгаснаар олон иргэн, ААН газартаа хөрөнгө оруулалт хийж байна.
  • Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүгдийг нэг дор шийдэх боломжгүй тул хувийн хэшлийнхнээ бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.     
10:21 өнөөдөр

Нийслэлд 2017 онд

  • Улсын төсөвийн хөрөнгөөр 69.6 тэрбум
  • Нийслэлийн төсөвийн хөрөнгөөр 176.4 тэрбум
  • Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64.3 тэрбум
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12.1 тэрбум
  • Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 356.9 тэрбум, нийт 677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.

10:15 өнөөдөр

Өнөөдрийн үйл ажиллагаанд  УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол улсад суугаа элчин сайдын яам, Гадаадын байгууллагын 18, Яам, засгийн газрын агентлагийн 40, бизнес эрхлэгч 600 гаруй төлөөлөгч, Барилга авто замын салбарын 190, Худалдааны танхимын 200 нийт 815 гаруй төлөөлөгч оролцож байна.

10:10 өнөөдөр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулж байна.

"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  танилцуулах аж.