П.Баярхүү: Баруун гар тийш эргэх дөрвөн уулзвар нээснээр ачаалал буурсан

2016-10-14 13:02:40
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулж, үүний дагуу туршилт хийсэн байна. Энэхүү туршилт амжилттай болж байгаа төдийгүй хөдөлгөөний ачааллыг 30 хувь бууруулсан үзүүлэлт гарчээ. Цаашдаа бүх уулзварт баруун гар тийш гэрлэн дохио харгалзахгүй эргэх нөхцөл боломжийг судалж байгаа аж. Иргэдэд замын хөдөлгөөний мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй өгөх ажлыг юуны түрүүнд зохион байгуулах ёстой байгаа гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн онцолж байв.
 
Ажлын хэсгийнхэн энэ үеэр хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Одоогоор тус төв фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд шуурхай мэдээллийг өгч байгаа аж. Харин үүнийг илүү хүртээмжтэй болгох үүднээс замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл бүхий аппликейшн гаргахаар ярилцаж байна. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчмын газар аюулгүй байдлын тохижилтыг хийх, FM радиогоор замын хөдөлгөөний мэдээллийг түгээх, иргэд FM, радиогоор замын мэдээлэл хүрэх боломжтой болох ажлыг шат дараалан зохион байгуулах саналуудыг гаргаж байлаа. Мөн иргэд замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотой мэдээллийг утсаараа хэрхэн шуурхай авч байгааг мэдэх боломжтой байгааг ч хэлж байв.
 
Эдгээр саналуудын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс тодрууллаа.
 
- Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар өнөөдөр төвшинд байна вэ?
 
-Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал ажил цугларах, тарах үед их байна. Ажлын хэсгийнхэн хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр долоо хоног бүр хуралддаг. Өнөөдөр (өчигдөр)-ийн хуралдаанаар хөдөлгөөний ачаалллыг бууруулахын тулд зарим автобусны буудлыг хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохицуулж байна. Хоёрдугаарт, иргэд ямар зам хөдөлгөөний ачаалал ихтэй байгаа мэдээллийг гар утаснаасаа шууд хардаг болох ажлуудыг хэлэлцэж байна. Мөн ажлын хэсгийнхэн бүтэн жилийнхээ төлөвлөгөөг урьдчилан баталж бэлтгэл ажилдаа орлоо. Жил бүр тохиодог баяр, ёслолын өдрүүдэд байнга түгжирдэг асуудлыг зохицуулахаас гадна, урьдчилсан байдлаар ажиллахын тулд нэг жилийнхээ ажлыг ийнхүү баталж байна.
 
-Иргэд гар утаснаасаа мэдээлэл авах боломжтой болчихвол түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой гэж үзэж байна вэ?
 
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг эхний ээлжид дөрвөн уулзварыг шинээр нээсэн. Ажлын явц нөхцөл байдлаас харахад хөдөлгөөний нэвтрэх чанар 30 хувиар буурсан үзүүлэлттэй. Гэхдээ энэ бол туршилтын хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа нийслэл хотын бүх уулзварыг нэвтрүүлэх судалгаа хийж байгаа. Уг үйл ажиллагаа үр дүнд хүрвэл 30-40 уулзварыг байнгын баруун гар тийшээ эргэдэг болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ярилцаж байна. Мөн замын хөдөлгөөний мэдээллийг нэг дороос авах аппликейшнтэй болох асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ асуудлаар зарим нэг үүрэн телефоны операторуудтай уулзалт хийсэн. Тухайлбал, “Мобиком”, “Жи мобайл” компаниудтай уулзалт хийгээд санал аваад явж байгаа. Уг арга хэмжээ үр дүнтэй юм байна гэдгийг ажлын хэсгийнхэн ярилцаад цаашдаа өргөжүүлье, ард иргэддээ хамгийн өргөн хүртээлтэй байдаг фейсбүүк, твитер, вэб сайтуудаар дамжуулахаар тогтож байна. Дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хуралд байнга танилцуулж байхаар боллоо.
 
- Ажлын хэсэгт багтсан хүмүүсийн ихэнх нь мэргэжлийнх юм байна. Тэд нийслэл хотын түгжрэлийн талаар ямар бодолтой байна?
 
-Манай ажлын хэсэг тогтмол хуралддаг, бүтэн жилийн хугацаанд ажиллана. Тэдний мэдээлж буйгаар, Зайсанд хамгийн их түгжрэлтэй байгаа гол гол гудамж, замууд байна. Тодруулбал, Энхтайвны гудамж дагаад өглөө, өдөр ачаалал ихтэй үед гудамжны нэвтрэх чадварыг яаж хуваарилж хуваах уу гэдэг асуудлыг ярьж байна. Энэ үүднээсээ бид 2017 онд Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллахаар тохирсон. Эхний ээлжид бидний хэлж заншснаар “хулгайн” зам гээд бидний амьдралаас урган гарч ирсэн замуудын нэвтрэх чадварыг албан зам болгож өргөтгөх, байшин хоорондын замыг сайжруулах талд арга хэмжээ авахаар боллоо. Энэ ажлын хүрээнд бид Газрын албаныханд үүрэг өгч, “Хашаа” арга хэмжээг эхлүүлээд явж байна. Мөн чөлөөлөх газраа чөлөөлөөд, нийтийн тээврийн болон авто замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэдгээ тайлбарлан хэлж байгаа.
 
-Нийслэлд байрласан 11 байршлын тэмдэг, тэмдэглэгээг буулгана гэж байна. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
 
-Энэ нь зөрчилт тэмдэг, тэмдэглэгээг буулгах ажил юм. Тус ажлыг Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Хуралдаанаар дэмжигдвэл ирэх долоо хоногт багтан хариу гарах байх.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭЛЛИЙГ БАГТААСАН АППЛИКЕЙШНТЭЙ БОЛНО
 
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож:
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, осол хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс бид ажлаа төлөвлөж, долоо хоног бүр хурал зохион байгуулж байна. Энэ удаа бид ирэх жил хийх ажлаа төлөвлөлөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийнхэнтэй хамтран ажлаа явуулж байна. Энд олон санал санаачлага гарч байгаа юм. Тухайлбал, замын хөдөлгөөний мэдээллийг багтаасан аппликейшнтэй болох ажлыг хийхээр судалж байна. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй өгснөөр хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолж байна. Мэдээллийг түргэн, хүртээмжтэй хүргэх үүднээс юу хийж болох талаар мэдээллийг солилцож, цаашид ажил хэрэг болгох талаар ярилцлаа. Улаанбаатар хотод 480-аад мянган автомашин байдгаас 370 орчим нь хөдөлгөөнд оролцдог гэсэн мэдээлэл бий. Эдгээр машиныг хөдөлгөөнд ачаалалгүй, түгжрэлгүй явуулах, мөн аюул осол авааргүй оролцуулахад бид анхаарч ажиллаж байна.
 
В.Туяа