Эрх шилжүүлэх тухай

2012-02-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Алсын дүүрэг-Жишиг дүүрэг" хөтөлбөрийн 500,0 /таван зуун/ сая төгрөгөөр хэрэгжүүлэх Багахангай дүүргийн төв талбай байгуулах ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Багахангай дүүргийн Засаг дарга И.Батнасанд шилжүүлэн, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР