Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулж явуулах тухай

2012-01-11 00:00:00

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.2.5, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:



1.    Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах зорилгоор Гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг нийслэлийн Баянгол дүүрэгт, Гамшгаас хамгаалах штабын дадлага, сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 03 дугаар сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдсан Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг нийслэлийн Налайх дүүрэг, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн албадад зохион байгуулж, явуулахыг Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгасугай.

3.    Гамшгаас хамгаалах сургуульд оролцох дүүргийн албадын хүн хүч, багаж хэрэгсэл, техникийг бэлтгэн, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангаж оролцуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албад, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.    Гамшгаас хамгаалах сургуулиудыг бэлтгэл бэлэн байдлыг хангаж, мэргэжлийн удирдлагаар ханган, явц, үр дүнг танилцуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР