Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

2010-05-31 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн 2010 оны төсвийн орлогыг ханган биелүүлэх, орлогын тогтвортой бааз суурийг өргөтгөн бэхжүүлэх, замын сан бүрдүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох үүрэг бүхий хяналтын үзлэг шалгалтыг зохион байгуулах комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Комиссын дарга:

  • Ч.Бат                    Улаанбаатар хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргà

Гишүүд:

  • Э.Ганхүү                  Нийслэлийн Засаг даргын Тамгын   газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Д.Од                        Нийслэлийн Авто замын газрын дарга
  • С.Энхбаатар             Нийслэлийн Татварын газрын дарга
  • Ч.Жаргалсайхан       Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Хөдөлгөений хяналтын хэлтсийн дарга
  • Б.Ганболд                Нийслэлийн Татварын газрын Татвар   хураалтын хэлтсийн дарга
  • Д.Мөнхбаатар         Замын Цагдаагийн газрын Техник  хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга   Дүүргийн Засаг даргын орлогч нар
  • Нарийн бичгийн дарга:   С.Цэрэнжамц         Нийслэлийн Татварын газрын Татвар  хураалтын хэлтсийн Тээврийн татварын тасгийн дарга

     Хоёр. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөлтийн дүнг баталгаажуулах, дутуу төлөлтийг хураан барагдуулах хяналтын үзлэг шалгалтыг зохион байгуулж, хариуцлага тооцон автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогыг орон нутгийн төсөв /замын сан/-т төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг комиссын дарга /Ч.Бат/-д даалгасугай.

     Гурав. Хуулийн хугацаанд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 175 дугаар захирамжыг иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, албан татварыг нөхөн төлүүлж замын санд төвлөрүүлэхийг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн татварын газар /С.Энхбаатар/-т даалгасугай.

     Дөрөв. Дээрх хяналтын үзлэг шалгалтыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын ажилд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Тав. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар төлөлтийг хянах, дутуу төлөлтийг хураан барагдуулах хяналтын үзлэг шалгалтыг удирдан зохион байгуулж, ажлын явц, үр дүнг тайлагнан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга /орлогч/ нарт үүрэг болгосугай.

     Зургаа. Хяналтын үзлэг шалгалт явуулах удирдамжийг батлан, 2010 оны 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 15-ны хооронд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, дүнг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг комиссын дарга /Ч.Бат/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР