ЗӨВХӨН АВТОБУС ЯВДАГ ТУСГАЙ ЗАМТАЙ БОЛНО.

2015-03-31 00:00:00
Дэлхийн хотууд манай хотоос хэд дахин олон тээврийн хэрэгсэлтэй ч замын хөдөлгөөний түгжрэл үүсдэггүй. Үүний шалтгаан нь автобусны тусгай замтай холбоотой юм байна. Энэ нь замын голоор зөвхөн автобус явдаг тусгай зам барьж, зорчигчдоо нүхэн гарц эсвэл гүүрээр гаргадаг байна. Манай улс энэхүү системийг нэвтрүүлэхээр төсөл бэлтгэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатараас тодрууллаа.

-Тусгай замын автобусны системийн ач холбогдол юу вэ?
-BRT буюу тусгай замын автобусны системийг дэлхийн 190 хотод нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр нийслэл хотод 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл явж байна. Үүний цөөн хувь нь автобус. Нийслэлийн иргэдийн 60 хувь нь автобусаар үйлчлүүлж байна. Замын хөдөлгөөний түгжрэлээс болж эдийн засгийн үр өгөөж алдагдалд орж байдаг. Тиймээс хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг эхлүүлэхээр 2012 оноос хойш бэлтгэл ажлыг хийсэн. Төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан байгаа. Азийн хөгжлийн банкны зөвлөхүүд манай хотод ирж ажиллаад дээрх системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Эхний ээлжид Нисэхээс Энхтайвны гүүр, III, IV хорооллын эцсээс Таван шар хүртэл замд энэхүү системийг нэвтрүүлэхээр төлөв-лөсөн. Яагаад энэ байршлыг сонгосон бэ гэхээр, замын өргөн болон нүүлгэн шилжүүлэлт бага учраас хамгийн боломжтой хувилбар гэж мэргэжлийн зөвлөхүүд санал болгосон. 

Энэхүү төслийн үр өгөөж нь Хотын нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт 90 хувиар өснө. Тасалбарын орлого 25-30 хувиар нэмэгдэнэ. Автобусны зогсоолоос иргэд интернэт, гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж болно. Дээр нь агаарын бохирдлыг бууруулна. Мөн хөдлөх ангийн зардал буюу түгжрээнд асааж, унтраасны зардал 14 хувиар буурна гэж харагдаж байгаа. Түүнчлэн судалгаагаар автобусны дундаж хурд нэг цагт 3-5 километр байгаа нь тогтоогдсон. Энэхүү систем нэвтэрвэл нэг цагт 15 километр явах боломжтой. 

-Замын дундуур тусгай зам тавихаар нэлээд нарийн замтай болох юм байна. Тэгэхээр автобуснаас бусад тээврийн хэрэгслийн замд бүр их түгжрэл үүсэх биш үү. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Мэргэжлийн зөвлөхүүдтэй уулзахад бид энэ асуултыг хамгийн түрүүнд асууж байсан. Үүнийг шийдэхийн тулд замыг өргөтгөх боломжтой газраар өргөтгөнө. Өргөтгөх боломжгүй бол голын талбайд нь зам тавина. Жишээ нь, III, VI хорооллын замын голд хоосон зай байдаг. Үүнийг автобусны зам болгон ашиглах боломжтой. 

-Замын голоор автобус явах юм байна. Харин автобусны зогсоолыг яаж шийдэж байгаа вэ?
-Бусад хотын хувьд замын голд автобусны зогсоол байгуулж, зорчигчдоо гүүрэн гарцаар зам гаргадаг юм билээ. Бидний төлөвлөснөөр автобусны зогсоол нь одоогийнхоос өөр байгууламжтай байна. Тэндээс зорчигчид нүхэн гарц, эсвэл гүүр ашиглаж зам гарах юм. Хотуудын хөгжлийг янз бүрээр тодорхойлдог. Тухайн хотын иргэдийн 80 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг бол хөгжсөн хот гэдэг юм байна. Учир нь, тав тухтай нийтийн тээвэртэй болохоор иргэд үйлчлүүлэх сонирхолтой болдог гэнэ. Харин хувийн тээврийн хэрэгслээ амралтын өдөр л ашигладаг юм байна. 

-Энэ төсөл УИХ-аар батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-2012 оны дөрөвдүгээр сард УИХ-ын Байнгын хороогоор энэ төслийг хэлэлцэж байсан. Өрийн асуудал, Засгийн газар солигдсонтой холбоотой зогсонги байдалд орсон. Хоёр долоо хоногийн өмнө Сангийн сайд гарын үсэг зурж, бусад яамдаас санал авч өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар орлоо. Өнөөдөр шийд гарна. Үүний дараа гурван байнгын хорооны хурлаар хэлэлцэж,  УИХ-ын чуулганаар орох ёстой. Хэрвээ УИХ-аар батлагдвал нарийвчилсан зураг төслийн ажлыг хийнэ. Үүнд маш нарийн судалгаа хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажил дараа жилийн гуравдугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Нийтийн тээврийг ухаалаг системд нэвтрүүлнэ гэж бай-гаа. Үүнтэй уялдаж байгаа юу?
-Уялдаж байгаа. Ухаалаг картны системийг нэвтрүүлэхээр Солонгосын компани ажиллаж байгаа. Солонгос улс ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг төлбөрийн системээр олон улсад загвар болж судлагддаг орон. Бидний одоогийн төсөлд ухаалаг системийн санхүүжилтийг тусгаж өгсөн. Ухаалаг системийн ажлыг өөр хөрөнгө оруулалтаар хийж байгаа санхүүжилтийг бусад ажилд зарцуулахаар Азийн хөгжлийн банктай зөвшилцөнө. 

-Төслийн нийт санхүүжилт хэдэн төгрөг байгаа вэ?
-Нийт 274 сая ам.долларын өртөгтэй. Үүнээс Монгол Улсын Засгийн газар 57 сая ам.долларыг гаргана. Азийн хөгжлийн банкнаас хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож байгаа. Нийт 32 жилийн хугацаатай бөгөөд эхний найман жилд зөвхөн хүүг нь төлж, ес дэх жилээс үндсэн зээлээ төлж эхэлнэ. Тиймээс нийслэлийн төсөвт хүндрэл үүсэхгүй.