Татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

2011-02-01 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,1.1, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зуйлийн 2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 6/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль", "Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 15 хоног тус тус зохион байгуулсугай.

     Хоёр. Нийслэл хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, дүүргүүдийн салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

    Гурав. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулж, хуулийн хугацаанд нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Од/, дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт тус тус үүрэг болгосугай.

     Дөрөв. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах ажлын хүрээнд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх наалт тэмдэг олгох, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/, нийслэлийн Авто замын газар /Д.Од/, уг ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хяналтын үзлэг, шалгалтыг хамтран зохион байгуулан ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

     Тав. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах дүүргийн хороодод ажиллах ажлын хэсэг болон явуулын ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллахыг дүүргүүдийн салбар комисст үүрэг болгосугай.

     Зургаа. Улаанбаатар хотод бүртгэлтэй хөдөө орон нутагт байгаа бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг Нийслэлийн замын санд төвлөрүүлэн ажиллахыг төв комисс /Ч.Бат/-т даалгасугай.

     Долоо. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр хураах ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлан ажиллахыг Нийслэлийн хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/, "Улаанбаатар таймс" /Д.Чулуунбаатар/, "Улаанбаатар радио" /У.Булган/, "UBS" телевиз /Л.Балхжав/-т тус тус үүрэг болгосугай.

     Найм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулахад гарах зардлыг 2011 оны нийслэлийн замын сангийн батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Ес. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, ажлын тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, уг арга хэмжээнд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дүүргүүдийн салбар комисс, албан хаагчдыг шагнаж урамшуулахыг төв комисс /Ч.Бат/ -т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
02 дүгээр сарын 01-ны өдрийн
91 тоот захирамжийн хавсралт

ТАТВАР, ТӨЛБӨР ХУРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга:    Ч.Бат   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

  • Х.Энхжаргал   Замын цагдаагийн газрын дарга
  • С.Энхбаатар    Нийслэлийн Татварын газрын дарга
  • Д.Од    Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Э.Ганхүү  Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ч.Жаргалсайхан    Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга
  • Б.Ганболд    Нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга
  • Д.Сайнбаяр   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • А.Энхмэнд  Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх Захирал

Нарийн бичгийн дарга:

Г.Баттогтох       Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар Нийслэлийн Автозамын газрын орлогч дарга

С.Цэрэнжамц    Нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын тасгийн дарга

 

ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАХ ТАТВАР, ТӨЛБӨР ХУРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН
БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга:                 Дүүргийн Засаг даргын орлогч

Орлогч дарга:                      Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гишүүд:

  • Дүүргийн Засагдаргын Тамгын газрын
  • Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга
  • Дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга
  • Дүүргийн Татварын хэлтсийн дарга
  • Хороодын Засагдарга нар
  • Дүүргийн Татварын хэлтсийн Хураалтын тасгийн дарга
  • Дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийн дарга

Нарийн бичгийн дарга:

Дүүргийн Авто тээвэр хариуцсан татварын улсын байцаагч