Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2014-02-24 00:00:00
2014 оны 02 сарын 24 өдөр                                        дугаар А/119                                      Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 32 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27, 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Улаанбаатар хотын удирдлага зохицуулалтын төв байгуулах 2,0 /хоёр/ тэрбум, Улаанбаатар хотын  нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн зураг төсөл боловсруулах 60,0 /жаран/ сая төгрөгийн төсөл, арга  хэмжээнүүд нь төрийн нууцын зэрэглэлд хамаарах тул холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай. 
 2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/482 дугаар захирамжийн хавсралтын 39 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ