“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог батлах, удирдлагыг томилох, татан буугдсан газруудын удирдлагыг ажлаас чөлөөлөх тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын 10 өдөр                                              дугаар А/849                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 100 дугаар тогтоолоор Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ыг тус тус татан буулгасантай холбогдуулан Бат-Очирын Ганзориг, Сосорбарамын Майнбаяр, Даньдайгийн Энхсайхан нарыг 2013 оны 09 дүгээр сарын  09-ний өдрөөр тасалбар болгон газрын гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
 
3.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар Д.Энхсайханыг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс томилон ажиллуулсугай.
 
4.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажил хүлээлцүүлэх комиссыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын  09-ний А/846 тоот захирамжаар байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнээр томилсугай.
 
 5.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан газрын дүрэмд нийцүүлэн байгууллагын дотоод журмыг боловсруулан батлах, орон тооны хязгаарт багтаан ажиллагсадыг томилох, нийт ажиллагсадын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, цалин нэмэгдлийг  зохих хууль тогтоомж, журмын дагуу тогтоон ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан /-т үүрэг болгосугай.
 
6.Татан буугдаж байгаа Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ын 2013 онд батлагдсан төсөвт багтаан  ажиллагсадыг томилон ажиллуулахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан /-т үүрэг болгосугай.
 
7.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд даалгасугай.
 
8.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны Б/83, Б/87, Б/88 дугаар захирамжийг тус тус хүчингүйд тооцсугай.
 
9.Д.Энхсайханы сарын үндсэн цалинг 1.095.120 төгрөгөөр тогтоон олгохыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ