Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай

2020-10-21 10:35:46

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                           Дугаар А/1221                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэх

эрхийг цуцлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Баянгол дүүрэг 11 хороо “МҮОНРТ” орчим ХЕТ-2013-4 багцын А, Б хэсэгчилсэн талбай төсөл хэрэгжүүлэгч “Эрэл” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулаагүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

       2.Захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                          Ж.БАТБАЯСГАЛАН