Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ын бүтэц, орон тоог батлах тухай

2020-08-31 08:00:09

2020 оны 08 сарын 31-ний өдөр                                             Дугаар А/1080                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх

захиргаа” ОНӨТҮГ-ын бүтэц,

орон тоог батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ерөнхий сайдын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээр болон 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 126 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг тус улсын үндсэн гүйцэтгэгчтэй хамтран хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ -ын бүтэц, орон тоог хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Батлагдсан бүтэц, орон тооны дагуу “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ын ажилтнуудтай Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай. 

 

       3.Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааны зардлыг холбогдох журмын дагуу нийслэлийн 2020 оны төсөвт зохицуулалт хийн хэлэлцэн батлах хүртэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т даалгасугай.

 

      4.Төслийн хэрэгжилтийг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т, ашиглалтын өмнөх захиргааг ажиллах нөхцөл боломжоор хангаж, ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасугай.

 

      5.“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийг хангуулж, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьж, олон улсын санхүүжилтээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангуулж, зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс /Б.Пүрэвжав/-т даалгасугай.

 

       6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2020 оны А/912 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                        Ж.БАТБАЯСГАЛАН