Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                            дугаар А/694                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.3 “а”, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны “Агнуурын зарим амьтныг агнах барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтад тавих хяналтыг чангатгах тухай” А/06 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар    /М.Ням-Очир/, Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Замын Цагдаагийн газар  /Ч.Жаргалсайхан/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Эрүүл мэндийн газар /С.Туул/-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
 
2.“Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг, хөдөлгөөнт эргүүлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, Хяналт шалгалт явуулах ажлын хэсгүүдийн хяналтын байр, ажиллах бүрэлдэхүүний тоог хоёрдугаар, Нийслэлийн орчинд хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг  гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.
 
3.Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан  нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж Авто техникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, лабораторийн шинжилгээ хийж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Мал эмнэлгийн газар /Д.Нарантуяа/, Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт   тус тус үүрэг болгосугай.
 
4.Эрүүл мэндийн сайдын 2008 оны “Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар батлах тухай” 151 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн  “Тарваган тахлын өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ” сэдвээр  дадлага сургууль явуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
5.Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахыг Зоонозын өвчин   судлалын үндэсний төв /үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнноров/,  нийслэлийн  Эрүүл мэндийн газар /С.Туул/-т тус тус даалгасугай. 
 
6.Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 6.594.000 /зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга /төгрөгийг  нийслэлийн Засаг даргын  нөөц сангийн Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зардлаас  гаргахыг Засаг даргын Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
7.Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс учрах аюул, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлж, сурталчлан ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнноров/-д тус тус даалгасугай.
         
8.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж,  шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа ажлын мэдээг 14 хоног тутамд танилцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар  /Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ