Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-02-06 09:25:24

2020 оны 02 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/166                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

талаар авч хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх Багануур дүүрэг Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүрэг Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Өлзийт, Морингийн даваа, Сонгинохайрхан дүүрэг Эмээлт, Баруунтуруу, Чингэлтэй дүүрэг Ар гүнт зэрэг байнгын ажиллагаатай товчоодод Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагыг нэмэлтээр ажиллуулсугай.

 

      2.Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа зорчигчдод Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт, халдваргүйтгэл хийж ажиллах түр журмыг нэгдүгээр, мэргэжлийн байгууллагуудын ажиллах хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

      3.Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

     3.1.Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

 

     3.2.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ болон хоол үйлдвэрлэл үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, ажиллагсдад амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгаж ажиллах талаар зөвлөмж өгөх хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Дүүргүүдийн Засаг дарга нарт; 

 

       3.3.Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан борлуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдэд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т;

 

       3.4.Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, золбин муур нохой устгалын ажлыг зохион байгуулах, сэг зэмийг төвлөрсөн хогийн цэгт устган халдваргүйтгэл хийх, орчны эрүүл ахуйн хяналтыг чангатгах, хяналт тавьж ажиллахыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

       3.5.Орон нутгийн Төмөр зам, агаарын тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн эрүүл мэндийн хяналт тандалтын талаарх мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудад шуурхай дамжуулж ажиллахыг Нийслэлийн Тагнуулын газар /А.Баярсайхан/-т;

 

      3.6.Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусын халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд мэдээлж, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН