Нийслэлийн цахим архив төсөл батлах тухай

2013-06-04 00:00:00
2013 оны 06 сарын 04 өдөр                                             дугаар А/564                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Засгийн   газрын 2006 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Төрийн архивын сан хөмрөгт хамаарагдах баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, архивын мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын найдвартай нөхцлийг хангаж, байгууллага иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай болгох зорилго бүхий “Нийслэлийн цахим архив” төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхийг дэмжсүгэй.
 
2.Архивын автоматжуулалт, цахим баримтын чиглэлээр олон улсын архивын арга туршлагыг судалж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг албан ёсны батлагдсан төслийн дагуу 2014-2015 оны орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
3.”Нийслэлийн цахим архив” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэл үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ