“Хог хаягдлын менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээ авах тухай

2013-05-31 00:00:00
2013 оны 05 сарын 31 өдөр                                          дугаар А/553                                               Улаанбаатар хот

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.7, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Нийслэлийн хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор айл өрх, байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогны уутны хэрэглээг нэвтрүүлэх, зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг хэвшүүлэх, орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжин дунд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоох, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэх, зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтанд оруулж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг тасралтгүй тогтмолжуулах “Хог хаягдлын шинэ менежент”-ийг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан хэрэгжүүлж эхлэхийг дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
2.Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсэд “Өрх бүрт-Ногоон карт, Ам бүрт-Эко үйлчлэгч” менежентийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т тус тус үүрэг болгосугай.
 
3.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөртэй хамтад нь хураах гэрээг 06 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, зуслангийн бүсийн  “Өрх бүрт-Ногоон карт, Ам бүрт-Эко үйлчлэгч” менежментэд хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарт тус тус үүрэг болгосугай.
 
4.“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг хэрэгжүүлээгүй иргэн, байгууллага аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
5.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаагүй иргэн, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож
ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т үүрэг болгосугай.
 
6.“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг нэвтрүүлэхэд айл өрхүүдийг зориулалтын хогны уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
7.Энэхүү ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг эхний ээлжинд нийслэлийн хот тохижуулахад батлагдсан зардлын хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
8.“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг нэвтрүүлэхэд хэрэглэгдэх зориулалтын хогны уутаар айл өрхүүдийг хангах зардлыг тооцож, нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд тусгахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
9.Хог хаягдлын менежментийг сайжруулах талаар иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-д үүрэг болгосугай.
 
10.Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангаж, энэхүү захирамжийн биелэлт, явц, цаашид авах арга хэмжээний талаархи саналыг боловсруулан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
 
           
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ