Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                           дугаар А/549                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэхь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд өргөтгөн, шинэчлэх Баянзүрх дүүргийн Доржийн гудамжны 2,8 км авто зам, Баянгол дүүргийн Шүүхийн гудамжны 1,0 км авто замын трассуудтай хөндлөн, дагуу огтлолцож байгаа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа инженерийн шугам сүлжээнүүдийг шинэчлэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2.Инженерийн шугам сүлжээнүүдийг шинэчлэх ажилд шаардагдах 138,6 /нэг зуун гучин найман сая зургаан зуун мянга/ сая төгрөгийг нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хөрөнгөөс гарган, ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
4.Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн  Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
           
   
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ