Эрх шилжүүлэх тухай

2019-04-23 09:10:09

2019 оны 04 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/371                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 388  дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Багануур дүүрэгт залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга барих ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Багануур дүүргийн Засаг дарга /Ц.Сандаг-Очир/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилгыг барихад шаардагдах 2,800.0 /хоёр тэрбум найман зуун сая/ сая төгрөгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XV.1.14-т заасан Залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалт /Улаанбаатар, Багануур, Сүхбаатар дүүрэг/-ын 3,000.0 /гурван тэрбум/ сая төгрөгийн хөрөнгөөс санхүүжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН