Боловсруулсан түлш нийлүүлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 17 өдөр                                             дугаар А/495                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 131 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2013 оны А-13/А-30 дугаар тушаал, захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт боловсруулсан түлш борлуулах төвлөрсөн цэгийг яаралтай байгуулж, боловсруулсан түлш нөөцлөх, тээвэрлэн иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо /Д.Оросоо/-нд үүрэг болгосугай.
 
2. “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-д хамрагдах  Баянгол дүүргийн гэр хорооллын 9 хорооны айл өрхийг шаардлагатай байгаа боловсруулсан түлшээр хангах зорилгоор халаалтын бус улиралд түлшний нөөц бүрдүүлэх, дутагдаж буй түлшний нийлүүлэлтийг бүрдүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд даалгасугай.
 
3.Үртсэн шахмал түлшний үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай байгаа үртэсний нөөц бий болгох, түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхийг сайжруулахад шаардлагатай байгаа урт хугацаат, бага хүүтэй зээл олгох боломжийг судлан тодорхой санал боловсруулан 6 дугаар  сард багтаан Нийслэлийн Засаг даргад танилцуулан  ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т, Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т тус тус даалгасугай.
           
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг 3 дугаар улиралд багтаан  тайлагнахыг  Нийслэлийн  Засаг  даргын  орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
              БӨГӨӨД УЛААНБААТАР
              ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ