Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай

2019-04-11 09:00:19

2019 оны 04 сарын 11-ний өдөр                                   Дугаар А/285                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.6-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хог хаягдлын тухай хуульд заасан дараах үүргийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

 

     1.1. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу хүчин чадал хүрэлцэхгүй байгаа хороодын хог хаягдлыг хувийн хэвшлийн компаниудаар тээвэрлүүлэх сонгон шалгаруулалтыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах;

 

     1.2. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хог хаягдлын олон нийтийн байцаагчийг хороо бүрт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор томилж ажиллуулах;

 

     1.3.Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т заасны дагуу нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбайн хил хязгаарыг тогтоож, зураглал гарган, аж ахуйн нэгж байгууллагуудад гэрээгээр хариуцуулах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах;

 

      1.4. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2-т заасны дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф, тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлуулж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

 

      2.Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсугай.

 

     3.Цэвэрлэгээний ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр хамруулж, цэвэрлэгээний тайлан мэдээг хугацаанд нь гарган ирүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     4.Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т заасны дагуу орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, өөрийн эзэмшлийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамлыг цэвэрлэх, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлэх, цэвэрлэгээний ажилд ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, идэвхтэй оролцуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

    5.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай хог хаягдал хаясан, гудамж талбайд нус цэрээ хаяж бохирдуулсан, гэрэлтүүлгийн шон дээр зарлал наалт наасан зөрчил бүхий үйлдлийг иргэдийн хяналтаар хийсэн дүрс бичлэг, фото зургаар болон өөрсдийн хариуцсан теле хяналтын камерыг ашиглан баримтжуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тухай бүр хүргүүлж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, дүүрэг, хорооны Засаг дарга нарт даалгасугай.

 

     6.“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг хяналт, шалгалтаар ажиллуулж Хог хаягдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

    7.Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, зам замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний машин техникийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаар ажиллуулах, гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг өдөр бүр тогтмол тасралтгүй хийж байхаар зам талбайн үйлчлэгчдийг ээлжийн зохион байгуулалтад оруулан ажлын цаг, амралтын өдрийн хуваарийг шинэчлэн зохион байгуулахыг Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/, дүүргийн хог хаягдлын үйлчилгээний нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

     8.“Сити тойлет” нийтийн бие засах газрыг 7 хоногт өдөр бүр тогтмол ажиллуулахыг Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/-т даалгасугай.

 

     9.Захирамжийг хэрэгжүүлэх үйл явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах, хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр хийгдсэн телевиз, радиогийн шторк, хэвлэмэл хуудсыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т даалгасугай.

 

      10.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг ерөнхий зохион байгуулалт, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах, үр дүнгийн талаарх мэдээллийг нэгтгэж  Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд мэдээлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН