Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                        дугаар А/480                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Төрийн захиргааны байгууллагын суудлын автомашины үйлчилгээний  зардлыг бууруулах, ашиглалтыг сайжруулах зорилгоор нийслэл, дүүргийн Засаг  даргын Тамгын газар, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан ажлын болон дуудлагын гэж ангилан тогтоож, албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан, дуудлагын автомашин хэрэглэх байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор тус тус баталсугай.
 
2.Албан ажлын хэрэгцээний автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашиныг ажлын хоногт дунджаар  50 км-ээс хэтрүүлэхгүй байхаар тус тус тогтоосугай.
 
3.Хот доторх ажил, үйлчилгээнд том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулагдаг /100 км-т 16 литрээс их/ суудлын автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, төсвийн ерөнхий менежерүүдэд үүрэг болгосугай.
 
4.Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудад суудлын автомашины сул зогсолтын хөлс  тооцохгүй байх, ажлын хэрэгцээнд шаардлагатай үед нь автомашин гарган  ажиллуулж,  өдөр тутмын ажил үйлчилгээнд суудлын автомашинаар саадгүй  үйлчлэн, сард 1 удаа тооцоо авч, үйлчилгээний хөлсийг км-ээр тооцож, хэрэглэгчийн гарын үсэг, баталгаажуулсан тамга тэмдгийг үндэслэн  үйлчилгээний хөлсийг нэхэмжлэн авч байхыг Авто бааз /Ц.Батхуяг/-д даалгасугай.
 
5.Энэ захирамжийн 2 дугаар заалтад заасан суудлын автомашины лимитийн хэмжээг хатуу мөрдөн, хэтрүүлсэн шатахууны үнийг улирал тутам хэрэглэгчээр бүрэн төлүүлэх хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/, Авто бааз /Ц.Батхуяг/-д тус тус даалгасугай.
 
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 226 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ