Гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай

2019-02-04 09:05:41

2019 оны 02 сарын 04-ний өдөр                                       Дугаар А/78                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 5.1 дэх хэсэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний загвар батлах тухай А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвөөс Өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан 2018 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн үнэлгээг нэгдүгээр, Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад тэнцсэн багийн нэрийг хоёрдугаар хавсралтаар ёсоор тус тус баталсугай. 

 

    2.Гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад тэнцсэн өрхийн эрүүл мэндийн төвтэй нэг жилийн хугацаагаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, гүйцэтгэлийн гэрээг 2 дугаар сарын 20-ны дотор багтаан байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг танилцуулахыг дүүргийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

     3.Гүйцэтгэлийн гэрээг 2018 онд “Бүрэн хангалттай” биелүүлсэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг дүүргийн 2019 оны төсөвт тусгасан холбогдох зардлаас гаргахыг дүүргүүдийн Засаг дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга нарт зөвшөөрсүгэй.  

 

    4.Жилийн эцсийн нэгдсэн дүнгээр 2 удаа дараалан “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох журмын дагуу арга хэмжээ авч, сонгон шалгаруулалтаар тэнцсэн багуудтай гэрээ байгуулан ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус үүрэг болгосугай.

                                                      

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                          БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                            Ж.БАТБАЯСГАЛАН