Шинэ жилийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай

2018-12-14 09:25:18

2018 оны 12 сарын 14-ний өдөр                                   Дугаар А/1211                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Шинэ жилийн баярыг тохиолдуулан

 авах зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.1.6-гийн “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын  2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Дараахь арга хэмжээ авч ажиллахыг дор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

     1.1. Шинэ жилийн баярыг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог, цэвэрлэгээний ажлыг  зохион байгуулах, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах, зах, худалдааны төвүүдийн автомашины зогсоолд замын хөдөлгөөнийг зохицуулах ажилтан ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

 

      1.2. Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, баярын өдрүүдэд шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, холбогдох мэргэжлийн байгууллагуудад тус тус;

 

    1.3. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн чиглэл, хуваарьт зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т;

 

     1.4. Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгсэл, хийн түлшний ашиглалт, худалдаа, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т;

 

      1.5. Томоохон зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын хоол, хүнсний болон хийн түлшний /газ/ аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

     1.6.Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж, хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж ажиллахыг  Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т;

 

     1.7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтэс /Б.Эрдэнэбат/-т;

 

    1.8.Шинэ жилийн баярыг соёлтой, хариуцлагатай, архи согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриалж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, холбогдох мэргэжлийн байгууллагуудад тус тус;

 

     1.9.Шинэ жилийн баяртай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, мэдээлэл, авч байгаа  арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

 

    2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарт тус тус үүрэг болгосугай.


 

 


                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                 БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН