Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай

2018-11-23 10:00:16

2018 оны 11 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/1107                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын

бүртгэл явуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-21-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

     2.Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийн ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

      3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай:

 

       3.1.дүүрэг, хороодод цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан, гишүүдийн ажил, үүргийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллуулах;

 

       3.2.цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийн ажлыг засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт, семинар явуулан, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавих;

 

      3.3.цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан Цэргийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах;

 

      3.4.цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлээс зайлсхийгч, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудыг татан оролцуулж, журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх;

 

       3.5.цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулсан тухай мэдээ, тайланг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нийслэлийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг зохион байгуулах Ажлын хэсэгт хүргүүлэх.

 

       4.Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийн явц, үр дүнд хяналт тавьж, 2019 оны  I улиралд багтаан мэдээ тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД