Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай

2013-04-01 00:00:00
2013 оны 04 сарын 01 өдөр                                               дугаар А/341                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудын салбарыг 1 дүгээр хавсралтаар, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавсралтуудаар тус тус баталсугай.
 
2. Концессын гэрээгээр хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлэн боловсруулахыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.
 
3. Концессын төслөөр хэрэгжих барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулахыг Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-д, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, барилга барих газрыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлийг хөтлөн ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Концессын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газар /Э.Тэмүүлин/-т тус тус үүрэг болгосугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/588 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                       
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ