Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай

2018-06-25 08:10:32

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/578                                            Улаанбаатар хот

 

 

 

    Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон

бүсэд байгаа  мал бүхий иргэдийг нүүлгэн

шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      

       1.1.Улсын Онцгой комиссын 2017 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй иргэдийн малыг холбогдох хууль, журмын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс бүрмөсөн нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулж дуусгах, цаашид хориглосон бүсэд мал аж ахуй дахин эрхлэхгүй байх нөхцөлийг хангаж, нүүлгэн шилжүүлсэн малын хашаа саравчийг буулган, өтөг бууцыг зөөвөрлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, ажлын явцад гарсан зөрчлийг арилгуулж, зохих хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, нүүсэн өрхийн хашаа хороог ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/-т, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд суурьшсан өрхийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т, иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн асуудлыг судалж, автобусны чиглэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

     

       3.Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг болон Ногоон толгойд шинээр суурьшсан өрхийг бүртгэж, хог тээвэр, худаг ашиглалт, төрийн нийтлэг үйлчилгээний зарим асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

   

     4.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Ажлын хэсгийн ахлагч Т.Гантөмөрт үүрэг болгосугай.

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД