Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-04-06 08:25:06

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                      Дугаар А/301                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах

 талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Бямба гаригт 11:00-12:30 цагийн хооронд зохион байгуулсугай.

 

       2.Их цэвэрлэгээний өдөр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлэх ажлыг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулан, идэвхтэй оролцохыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.

 

        3.Дараахь арга хэмжээ авч ажиллахыг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

     3.1.их цэвэрлэгээний ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, нийслэлийн харьяа газар, агентлагуудын их цэвэрлэгээ хийх газрын хуваарь, удирдамжийг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт;

 

     3.2.харьяа нутаг дэвсгэртээ байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах, хороодын Засаг дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, уг үйл ажиллагаанд хяналт тавьж, их цэвэрлэгээнд оролцоогүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

        3.3.их цэвэрлэгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД