Мал, амьтны гоц халдварт болон халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2018-04-06 08:00:59

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                 Дугаар А/297                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт,

 паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх

 зарим арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2014 оны 14/05 дугаар, 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтныг 2018 онд гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг 2 дугаар, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулах төлөвлөгөөг 3 дугаар, лабораторийн шинжилгээнд хамруулах төлөвлөгөөг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

        2.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай:

 

      2.1.харьяа дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт байгаа мал амьтныг гоц халдварт болон халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, туулгалт, угаалга, боловсруулалт, ээмэгжүүлэлт, бүртгэл шинжилгээнд бүрэн хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөт ажлыг шуурхай зохион байгуулах, тээврийн хэрэгсэл, шатахуун болон шаардагдах бусад хөрөнгийг холбогдох зардлаас гаргах;

 

       2.2.энэ захирамжийн 2.1-д заасан арга хэмжээнд малчид, мал бүхий иргэд, орон нутгийн байгууллагуудыг идэвхтэй оролцуулах;

 

         2.3.мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин гарах эрсдэлтэй байгааг харгалзан шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, мал, амьтны хашаа, байранд болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх ажлыг зохион байгуулах.

 

      3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тандалт шинжилгээ, оношилгоо, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулах ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/-т, вакцинжуулалтын ажилд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

        4.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандалт шинжилгээ, оношилгоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах 300.971.000 /гурван зуун сая есөн зуун далан нэгэн мянган/ төгрөгийг Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан орон нутгийн хөгжлийн сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд  даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД