Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-01-04 08:00:48

2018 оны 01 сарын 04-ний өдөр                                        Дугаар А/02                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн

албан татвар, агаарын бохирдлын төлбөр,

авто зам ашигласны төлбөр хураах талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2,  Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3,  Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.2,  12.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр /цаашид албан татвар, төлбөр гэх/  хураах, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий  Комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

       2.Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж, орлогыг төсөвт төвлөрүүлэн ажиллах, албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулан, техникийн хяналтын үзлэгийг хугацаанд нь зохион байгуулж, дүнг тухай бүр танилцуулж байхыг Комисс /Т.Гантөмөр/-т даалгасугай.

           

         3.Дараахь арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:

 

     3.1.албан татвар, төлбөр хураах ажлыг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулах;

 

        3.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

 

      3.3.албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар, төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг харьяа дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, хороодтой хамтран зохион байгуулах;

 

        3.4.албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn” систем, гар утасны аппликэйшн ашиглан албан татвар, төлбөрөө төлөх талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх,  сурталчлах ажлыг зохион байгуулах.

 

          4.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

         4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015   оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т заасны дагуу автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж,  тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат/-т;

 

        4.2.албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар илрүүлж, хууль тогтоомжийн дагуу торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Д.Одбаяр/, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат/-т;

 

       4.3.нийслэлийн төр, захиргааны болон нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/, Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т;

 

         4.4.албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2018 оны Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn” систем, гар утасны аппликэйшн ашиглан албан татвар, төлбөр төлөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т;

 

         4.5.нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол  ажиллуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т тус тус;

 

          5.Албан татвар, төлбөр хурааж байгаа нэг цэгийн үйлчилгээний байранд банкны үйлчилгээг нэвтрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын банк /А.Энхмэнд/-нд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягийн бүртгэлийг шинэчлэх, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг албан татвар, төлбөр төлснийг үндэслэн шилжүүлж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Автотээврийн үндэсний төв /П.Дэлгэрнаран/-д тус тус зөвлөсүгэй.   

 

         6.Нийслэлд бүртгэлтэй, албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй, замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн програмтай уялдуулан мэдээллийн технологийн дэвшил ашиглан олж илрүүлэх, хяналт тавих систем хөгжүүлэх ажлыг зохион байгуулахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв”  ОНӨҮГ /Д.Одбаяр/, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/, Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т тус тус үүрэг болгосугай.

 

         7.Албан татвар, төлбөр хурааж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээнд холбогдох банктай хамтарч карт уншигч төхөөрөмж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/,  Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т тус тус даалгасугай.

 

        8.Энэ захирамж гарсантай холбогдуулан ”Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД